Нийгэм

Ус, цаг уурын хүрээлэнгээс байгалийн онц аюултай үзэгдлээс сэргийлж дохио анхааруулга илгээлээ. Ялангуяа баяр наадмын өдрүүдэд дуу цахилгаантай, усархаг аадар бороо орохыг анхааруулж байна. Их борооны улмаас үер буух, хүчтэй нөөлөг салхи үүсэх зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиож болзошгүй Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүллээ.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар үер устай холбоотой ослын улмаас 39 хүн эндээд байна. Эдгээрийн хоёр нь бага насны хүүхэд байгаа юм. Баяр наадмын өдрүүдэд ус ихтэй аадар бороо ихэнх нутгаар үргэлжлэн орохыг ЦУОШГ-аас мэдээллээ. Жил бүрийн Улсын баяр наадмын өдрүүдэд 10 орчим хүн усанд осолдож амь эрсддэг гэх судалгаа бий. Тиймээс усны түвшин нэмэгдсэн энэ үед голын эрэг дагуу амарч зугаалах, том гол мөрөн гатлах үедээ анхаарал болгоомжтой байхыг Онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.

Баярын өдрүүдэд нутгийн ихэнх хэсгээр ялангуяа 10-нд нутгийн төв болон зүүн гурван аймаг, говийн аймгуудын зүүн хэсгээр усархаг аадар бороо орох төлөвтэй байна. Харин 11, 12-нд зүүн болон төвийн баруун аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Үүний нөлөөгөөр нөөлөг салхи үүсэх эрсдэл их байгааг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.

Баярын үеэр гол, усанд амь насаа алдаж байгаа тохиолдлын дийлэнх нь Улаанбаатар хотод буюу Туул голд байдаг байна. Усны осолд өртөж амь насаа алдаж байгаа хүмүүсийн 90 гаруй хувь нь эрчүүд, насны хувьд 50 хувь нь 18-30 насныхан байгааг албаныхан хэлж байна. Баярын өдрүүдэд амралт зугаалгаар явахдаа гол усанд орохдоо аюулгүй байдлаа хангах, цаг агаарын урьдчилсан мэдээг сонсох, үерийн ам бүхий газарт буудаллахгүй байхыг сануулж байна.