Хөнгөн галт тэрэгний төслийн 1 дүгээр трассын бүтээн байгуулалт ирэх 5-р сард эхэлнэ

Нийгэм

Улаанбаатар хотын авто замын түгжрэл бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг: “Улаанбаатар хотын нийтийн тээвэрт шинэ төрөл нэвтрүүлэх, нийтийн тээврийг хөгжүүлэх, авто замын сүлжээний ачааллыг бууруулах зорилгоор LRT буюу тулгуурт байгууламж бүхий хөнгөн галт тэрэгний төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна."

"Тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээвэр нь гурван трасстай бөгөөд эхний ээлжид нэгдүгээр шугамын чиглэлийн трассын бүтээн байгуулалтын ажлыг 2022 оны тавдугаар сард эхлүүлэхээр төлөвлөсөн. Төслийн нөлөөлөлд өртсөн газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар төлөвлөж байна. Энэ газарт 30 га газарт депо, 63 га газарт авто зогсоол, 17 га газарт оффис, худалдаа, үйлчилгээний зориулалтын бүтээн байгуулалт хийнэ” гэсэн юм.

Хөнгөн галт тэрэгний нэгдүгээр шугам нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо “Буянт-Ухаа 2” хороолол орчмоос Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо Сансарын тойрог хүртэл нийт 18.1 км үргэлжилнэ.

Харин хоёрдугаар трасс нь Шар хаднаас Толгойт хүртэл 17.5 км, гуравдугаар трасс нь Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс Зунжин хүртэл 14 км байхаар тооцсон байна.

Одоогийн байдлаар нэгдүгээр шугамын ТЭЗҮ болон байгаль орчны үнэлгээг хийж дууссан бөгөөд 2024 оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулж, туршилтын галт тэргийг явуулахаар төлөвлөжээ.

Туршилтын галт тэргийг зургаан сарын хугацаанд явуулаад, 2025 оноос нийтийн тээврийн үйлчилгээнд бүрэн шилжүүлэхээр тооцсон байна. Нэгдүгээр шугам нь  15 буудалтай байх бөгөөд нийтдээ 110 га орчим газарт бүтээн байгуулалт хийх юм.