Нийгэм

Засгийн газраас эмч цагдаа, онцгой, хилийн цэрэг зэрэг байгууллагын ажилтан албан хаагчдын нийгмийн асуудалд анхаарч нэн хөнгөлөлттэй орон сууц олгохоор болсон. Эхлээд ковид-19 цар тахлын үед голомтод ажилласан хүмүүсийг хамруулахаар шийдсэн юм. Тэгвэл өнөөдөр Алтанбулаг, Буянт-Ухаа, Замын-Үүд зэрэг боомтод ажилласан Тээврийн цагдаагийн албан хаагчдад орон сууцны батламж гардууллаа.

\

Ковид-19 халдварт цар тахал дэлхий нийтэд тархаж, хүнд байдалд орсон ч Монгол Улс дотооддоо халдвар алдаагүй байна. Энэ үр дүн гаргахад тусгай албаныхан түүний дотор хилийн цэрэг онцгой үүрэг гүйцэтгэж ажилласан. Тиймээс Хил хамгаалах байгууллагын 101 алба хаагч түрээслээд өмчлөх хэлбэрийн онцгой нөхцлөөр орон сууцтай болох батламж гардан авлаа.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын онцгой нөхцөл байдалд цаг наргүй үүрэг гүйцэтгэж буй эрүүл мэнд, онцгой, цагдаа, хил, гааль, мэргэжлийн хяналтын 1000 гаруй алба хаагчдыг нэн тэргүүнд түрээсийн орон сууцанд хамруулах Улсын Онцгой комиссын шийдвэр гарсан. Орон сууц авах батламжаа гардан авсан Хил хамгаалах байгууллагын албан хаагчдын зүгээс эх орныхоо төлөө гэсэн хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж, орон сууцаар хангаж байгаад талархаж байгаагаа илэрхийллээ. 

Түрээслээд өмчлөх орон сууцны бодлогыг нийслэл хот анх удаагаа Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа. Батламж гардан авсан иргэд байраа сонгон, нийслэлийн Орон сууцны корпорацитай гэрээгээ байгуулснаар түлхүүрээ гардан авах юм.