Нийгэм

Өчигдөр оройн 17 цагийн орчимд дөрвөн хүүхэд тогтоол усанд эндэж нас барсан мэдээллийг манай телевиз шуурхай хүргэсэн. Хэргийн газар мэргэжлийн байгууллагууд ажиллаж, харуул хамгаалалт гарсан байна. Хүүхдүүдийн цогцсыг уснаас гурван цаг эрэн хайж, холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгснийг эх сурвалжууд хэллээ. Дөрвөн хүүхдийн амь насыг авч одсон энэ газар хэзээнээс бий болсон, хэргийн газарт чухам юу болж өрнөснийг манай сэтгүүлч сурвалжиллаа.

Өчигдөр буюу 5 дугаар сарын 27-ны өдөр 16:56 цагт Онцгой байдлын албанд дөрвөн хүүхэд усанд осолдлоо гэх дуудлага мэдээлэл ирсэн байна. Дуудлагын дагуу аврах 105 дугаар анги газар дээр нь ирж ажиллажээ. Аврах албаныхан ирэхэд тогтоол усны эрэгт тоглож байсан хүүхдүүд ус руу унасан гэх мэдээллийг эх сурвалжууд өгсөн байна. Ингээд эхний хүүхдийг уснаас аварч эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амьсгал хураасан байна. Дараагийн хоёр хүүхдийн цогцсыг уснаас гаргасны дараагаар дөрөв дэх хүүхдийг цаг орчим хугацаанд хайсан гэдгийг мэргэжлийн байгууллагаас мэдээлсэн юм. Осол болсон газар Туул голын эрэг дагуу тогтсон тогтоол ус байгаа юм. Эрэг хавиараа өвдөг хүрэхээр гүнзгий. Гол хэсэгтээ хэдэн метр гүнтэйг хараахан тогтоогоогүй гэлээ.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ /2020.05.27/