Нийгэм

Улаанбаатар хотыг зургаан дэд төвтэй байхаар төлөвлөсөн. Энэ ажлын эхлэл болох Баянхошуу дэд төв ашиглалтад орж нийслэлийн хойд бүсийн хүн амд илүү ойртсон үйлчилгээг үзүүлэх боломжтой боллоо.

Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох зорилгоор зургаан дэд төвтэй байхаар тусгасан. Энэ ажлын хүрээнд “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж байгаа. Үүний хамгийн эхний бүтээн байгуулалт болох Баянхошуу дэд төв ашиглалтад орон Баянхошуу бизнес инкубатор сургалт үйлдвэрлэлийн төвийг ашиглалтад орууллаа. Энэ нь нийслэлийн хойд хэсгийн оршин суугчдын амьдралын нөхцөл сайжруулах, иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах, бизнес эрхлэгчдээ дэмжих зэргээр олон төрлийн ач холбогдолтойг албаныхан онцоллоо. 

Баянхошуу дэд төвийн Бизнес инкубатор сургалт үйлдвэрлэлийн төв нь А, Б хоёр блокоос бүрдэж байгаа. А блокт сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах зориулалттай сургалтын танхимууд байгаа бол Б блокт орон нутгийн мэдээллийн төв, төрийн нэг цэгийн үйлчилгээ, арилжааны банк, нотариат зэрэг иргэдэд үйлчлэх зориулалттай хэсгүүд байгаа юм.

Мөн энэхүү дэд төв ашиглалтад орсноор энэ хэсгийн 3600 өрхийн 14 мянган иргэн инженерийн болон нийгмийн дэд бүтцээр хангагдсан орчинд амьдрах боломж бүрдсэн гэдгийг төслийн удирдагч хэлж байна. 

Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтыг Азийн хөгжлийн банк, Европийн хөгжлийн хөрөнгө оруулалтын банк болон Улаанбаатар хотын хамтарсан 115 тэрбум төгрөгийн санхүүжилтээр бүтээн байгуулсан. Баянхошуу бизнес инкубатор сургалт үйлдвэрлэлийн төвөөр дамжуулан мэргэжил олгохоос гадна бизнес эрхлэгчдэд үзүүлэх дэмжлэг, үйлчилгээний хүртээмж сайжрах юм. Мөн Баянхошуу дэд төвийн дулааны шугамын ажил энэ оны 4-р улиралд бүрэн хийгдэж дууссанаар 10000 гаруй айл өрх төвийн дулаанд холбогдох боломжтой болно гэдгийг албаныхан тодотголоо.