Нийгэм

Ирэх 7-р сард элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар явагдана. Коронавирусний улмаас сургууль карантинлагдсан ч төгсөх ангийнхан шалгалтанд бэлтгэж эхэллээ. Нэг ангид 8-9 хүүхэд сууж байгаагаас гадна багш нарыг ч хоёр ээлжинд оруулсан байна. Онцгой цаг үе тохиож байгаа учраас энэ жилийн шалгалтын материал ч хөнгөн байхаар бодолцжээ.

Их, дээд сургууль, коллежид элсэгчдээс авдаг элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл улс орон даяар 2-р сарын 10-наас 4-р сарын 15-ны хооронд явагдаж дууссан. Улсын хэмжээнд нийт 30,900 шалгуулагч хамрагдахаар бүртгүүлсэн байна. Одоогоор  шалгуулагчдын суудлын хуваарь хийх ажил явагдаж байгааг БҮТ-өөс мэдээллээ. 

Ковид-19 цар тахалтай холбоотойгоор энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалтад өөрчлөлт орсон. Улсын хэмжээнд шалгалтын байрыг нэмэгдүүлж, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа гэлээ.

Үүсээд байгаа нөхцөл, байдалтай холбогдуулан сургуулийн үйл ажиллагааг зогсоосон ч төгсөх ангийн сурагчид хуваарийн дагуу цөөн тоогоор давтлага авах, багш нар ээлжээр хичээлээх заах зэргээр элсэлтийн ерөнхий шалгалтад сурагчдаа бэлтгэх ажил хэвийн явагдаж байна. 

Мөн шалгалтын үеэр сургуулийн орчин, гадна талын зохион байгуулалтыг ч боловсролын байгууллагаас төлөвлөжээ. Шалгуулагчид 3 хэсгээр шалгалтын байрандаа нэвтэрнэ гэлээ. Заасан хугацаандаас эрт ирж бөөгнөрөл үүсгэхгүй байхыг анхаарууллаа. Мөн шалгалтын дүн, оноог хүүхэд тус бүрт онлайнаар хүргэх юм байна.