Нийгэм

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулахтай холбоотой арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгож, Ажлын хэсэг байгууллаа. Энэ дагуу стандартын шаардлага хангахгүй, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахуйц, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй хашаануудад хяналт тавьж, засаж сайжруулах хугацаатай үүргийг өгч байна.

Харин зөвшөөрөлгүй, зориулалтын дагуу ашигладаггүй хашаануудыг албадан буулгах, ачих, үүнтэй холбоотой гарсан зардлыг тухайн иргэн, аж ахуйн нэгжээс гаргуулж, нийтийн эзэмшлийн зориулалтаар тохижуулах ёстойг хотын захирагч дурдлаа.

Хаврын салхи шуургатай энэ үед хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюул, эрсдэл учруулж мэдэхээр эзэнтэй, эзэнгүй хашаануудад хяналт тавьж, стандартыг хангуулах ажлыг ирэх зургаадугаар сарын 1 гэхэд нийслэлийн 9 дүүрэгт хийж хэрэгжүүлсэн байх ёстойг хотын Захирагч сануулав. Ингэхдээ зөвшөөрөлтэй, стандартын шаардлага хангаж ажилладаг иргэн, аж ахуйн нэгжийн эрхийг хөндөж болохгүй анхааруулсан юм.

Хуралдааны төгсгөлд нийслэлийн Засаг дарга гаргасан шийдвэрүүд хэрэгжихгүй, гацах явдал дунд, доод шатны газар болон хэлтсийн дарга нарын ажлын хариуцлагагүй байдлаас болж байна. Хот байгуулалттай холбоотой гомдол ч иргэдээс их ирж байна. Иймд иргэдийн амьдрах аюулгүй орчныг бүрдүүлж ажиллаж чадаагүй, ажлын хариуцлага алдсан Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Иргэдэд хүнд суртал учруулдаг, дээд шатанд гаргасан шийдвэрүүд хэрэгжүүлдэггүй, олон жил бугшсан энэ буруу жишгийг цэгцлэхэд амаргүй байгаа хэдий ч зөв голидролд нь оруулахын тулд цаашид ч хариуцлагын асуудлыг тавьсаар байх болно гэдгээ мэдэгдлээ.