Нийгэм

Энэ жил Оюутан цэрэг хөтөлбөр хэрэгжихгүй өнжихөөр болж байна. Коронавируст халдварын улмаас гурван сарын хугацаатай цэрэг татлагыг хойшлуулах нь зүйтэй гэж үзжээ. Харин жил бүрийн хугацаат цэрэг татлага хэвийн үргэлжилж залуус армид алба хаах юм.

2014 оноос Оюутан цэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Харин энэ жил ковид-19 цар тахал гарсантай холбоотойгоор "Оюутан цэрэг" хөтөлбөрийг зохион байгуулахгүй байхаар болсон. Мөн хилийн боомттой, тусгаарлах үйл ажиллагаа явуулж буй Сэлэнгэ, Дорноговь, Баян-Өлгий, Улаанбаатар хотод цэрэг татлага зохион байгуулахгүй байхаар шийдвэр гарсан. Харин хилийн цэргийн анги нэгтгэл дээр шаардлагатай байгаа хугацаат цэргийг нөхөж татах ажлыг зохион байгуулахаар болсон юм. Оюутан цэрэг хөтөлбөр нь 3 сарын хугацаанд буюу богино хугацаанд зохион байгуулагддаг байсан ч үр өгөөжтэй, ач холбогдолтой хөтөлбөр байсан гэдгийг албаныхан хэлж байна.

Оюутан цэрэг хөтөлбөрт бүрэн хамрагдаж төгссөнөөр 1-р зэргийн бэлтгэл үүрэгтэн болдог байна. Ингэснээр төрийн албанд ажиллах эрх зүйн орчин бүрддэг гэлээ. Мөн Оюутан цэрэг эрчимжсэн сургалтанд хамрагдсан оюутнууд маш сайн төлөвшдөг, суралцах арга барил хандлага нь өөрчлөгддөг, бусад суралцагчиддаа эергээр нөлөөлдөг зэрэг олон талын ач холбогдолтой гэдгийг онцоллоо.