Амстердамд үл мэдэгдэх этгээд дэлгүүрт хүн барьцаалсан хэрэг гарчээ

Үйл явдал

Нидерландын нийслэл Амстердам хотод үл мэдэгдэх этгээд дэлгүүрт хүн барьцаалсан хэрэг гарчээ.

Зэвсэглэсэн этгээд Apple Store нэрийн дэлгүүрт орж бүгэн, барьцаанд гэм зэмгүй хүнийг байлгаж байгаа гэсэн дуудлага ирсний дараагаар цагдаа хүчнийхэн, шуурхай албаныхан дэлгүүрийн гадна цуглажээ.

Орон нутгийн хууль сахиулагчдын мэдээлж байгаагаар Амстердам хотын төв талбайн дэргэд байрлах Apple-ын дэлгүүрт зэвсэглэсэн этгээд дээрэм тонуул хийхийг завдаж байгаа тухай дуудлага 18 цагийн үед иржээ. Улмаар дэлгүүрийн дотор буун дуу гарч, гэрчүүдийн яриагаар зэвсэглэсэн этгээд хүн барьцаалсан байна. Дэлгүүрт нэвтэрсэн этгээд түрэмгий аашилж байсан учраас дэлгүүрийн ажилтнууд үймж сандран гадагшаа гарч зугтжээ. Одоогоор тэрхүү этгээдийн гарт чухам ямар хүн барьцаалагдсан нь тодорхойгүй, мөн барьцаалагч этгээд ямарваа нөхцөл шаардлага тавиагүй байгаа гэнэ.