Жоншны уурхайд осол болж 55 орчим насны эрэгтэй хүн нас барлаа 

Эрх зүй

Энэ сарын 22-нд Хэнтий аймгийн Батноров суманд үйл ажиллагаа явуулдаг жоншны уурхайд осол болж 55 орчим насны хүн нас барлаа.

Эх сурвалжуудын хэлж байгаагаар хохирогч бэхэлгээ хийж байх явцад овоолсон шороо нурсан гэх мэдээллийг өгчээ. Хэргийг хууль хяналтын байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна. 

22-ны 00:38 Хэнтий аймгийн Батноров сумын Онцгой байдлын газарт уурхайд осол болсон тухай дуудлага мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Батноров сум дахь Гал түймэр унраах, аврах 42 дугаар анги, эрэн хайх аврах салбарын алба хаагчид 70 км зайтай байрлах “Баялаг нөхөрлөл” жоншны уурхайд очсон байна. Уурхайн ажилтан шороонд дарагдан нас барсан хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж эхэлжээ. 

Өнгөрсөн онд уул уурхай, олборлолтыг салбарт үйлдвэрлэлийн осолд 34 хүн өртснөөс 11 нь нас барсан болохыг МХЕГ-ын тайланд дурьджээ.

Үйлдвэрлэлийн осолд өртсөн хэлбэрээр авч үзвэл

- унаж байгаа эд зүйлд-6,

- эд зүйлд хавчуулагдах байдлаар 8,

- унах, бүдрэх, хальтрах байдлаар 8,

- цахилгаан гүйдэлд цохиулах байдлаар 2,

бусад шалтгааны улмаас 6 хүн үйлдвэрлэлийн осолд өртсөн байна.

Харин 2020 онд үйлдвэрлэлийн осол хурц хордлогод 70 гаруй хүн өртжээ.