Хөгжлийн банкны чанаргүй зээлийн хэрэгт 10 хүнийг шалган, цагдан хориод байна

Эрх зүй

Өнгөрсөн онд авлига, албан тушаалын болон залилах төрлийн гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй гарсныг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээллээ. Энэ төрлийн гэмт хэргийн тод жишээ болоод байгаа Хөгжлийн банктай холбоотой хэргээр нийслэлийн прокурорын газраас 12 хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авах санал гаргажээ. Үүнээс Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдрийн байдлаар нэр бүхий 10 хүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваад байна. Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой шалгалтын ажлыг хуулийн байгууллагууд эрчимжүүлээд байгаа юм.

Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн асуудлаар нэр бүхий 12 хүнийг хянан шалгах талаар санал хүсэлт ирсэнийг Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх хүлээн авчээ. Одоогийн байдлаар 10 хүнийг шалган, цагдан хориод байна. Тухайлбал Б. Мөнхтөрт холбогдох шүүх хурал өнөөдөр 11 цагт товлогдсон байгааг мэдээллээ. Цагдах хорих арга хэмжээг Батбаяр, Мөнхбаяр, Ариунболд , Чойжилжалбуу, Шинэбаатар, Энхбат, Баатарбилэг, Ууганбаяр, Дэлгэрсайхан нарт авчээ. 

Монгол Улсын шүүх өнгөрсөн онд 89,089 хэрэг маргааныг хянан шийдвэрлэжээ. Үүнээс Анхан шатны шүүх эрүүгийн 12,068 хэрэг, иргэний 45,444 хэрэг, захиргааны 1764 хэрэг, зөрчлийн 21,946 хэрэг нийт 80,417  хэргийг хянан шийдвэрлэж, 1115 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж , 2351 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг танилцууллаа. 

Монгол Улсын шүүхээр өнгөрсөн онд шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан 19,337 өргөдлөөс шийдвэрлэсэн 12,369 өргөдлөөс 8480 буюу 68.6 хувьд нь эвлэрэл амжилттай болж, 3889 буюу 31.4 хувьд нь амжилтгүй болжээ. Үүнийг 2020 онтой харьцуулахад 4.4 хувиар буурсан үзүүлэлт юм байна. 

ШУУД ҮЗЭХ