Франц Улс Алжирын “Харки” хүчнээс хүлцэл эрж, нөхөн олговор төлөхөөр боллоо

Үйл явдал

Францын эрх баригчид Алжирын “харки” гэж нэрлэгддэг цэргийн хүчнээс албан ёсоор хүлцэл эрж, тэдэнд нөхөн олговор төлөхөөр болжээ.

“Харки” гэдэг нь Алжирын дайны үед Францын талд тулалдаж яваад, генерал Шарль де Голлийн армид хаягдан, дайны талбарт-хувь заяаны эрхэнд үлдэж хоцорсон Алжирын дайчид юм. 

Тэгвэл Алжирын дайн тулаан өндөрлөөд 60 жил өнгөрсний дараа сая Францын парламент “харки” нарын эсрэг дайны гэмт хэрэг үйлдэгдэж, тэднийг хувь заяаны эрхэнд орхисон гэх түүхэн баримтыг хүлээн зөвшөөрсөн байна. Францын тэргүүн Эммануэль Макрон “харки” нараас албан ёсоор улсынхаа нэрийн өмнөөс хүлцэл эрж, тэдэнд олгох нөхөн олговрын тухай хуулийг боловсруулан батлахаа мэдэгджээ. Алжирын дайны он жилүүдэд 200 мянган “харки” Францын армийн цэргийн туслах анги нэгтгэлд алба хааж байжээ. Алжир улс 1962 онд тусгаар тогтнолоо олж авсны дараа Францын талд зүтгэж байсан “харки” нар эх орондоо адлагдан, Францын армид мөн хаягдан хувь заяаны эрхэнд хүнд байдалд орсон юм. Улмаар Франц руу зугтан гарч чадсан 90 мянган хүнийг энэ улсад төдийлөн тааламжтай хүлээн аваагүйн дээр тусгай лагерь луу цөлж байжээ. Францад батлагдах хуулиар “харки” нарт 2-15 мянган еврогийн нөхөн олговор төлөх гэнэ.