Хөгжлийн банк ирээдүйн орлого, данс барьцаалж “Эрэл” компанид 109.7 тэрбум төгрөгийн зээл олгожээ 

Эрх зүй

Гадны эх үүсвэрээр санхүүжилт босгож дотоодын үр ашигтай бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах үндсэн үүрэгтэй Хөгжлийн банкны зээл зорилгоосоо хазайсан. Улмаар дампуурах эрсдэлд хүрсэн Хөгжлийн банк ирэх онд 800 сая долларын бондын төлбөрийг олон улсад төлөх ёстой. Гэвч нийт зээлийнх нь дийлэнх чанаргүйдсэн энэ үед ирэх оны өрийг ЗГ төлөх үү гэдэг асуудал үүсээд байна. АТГ-т шалгагдаж байгаа анхаарал татах зээлүүд дунд Эрэл компанид олгосон зээл олон нийтийн шүүмжлэлийг ч мөн дагууллаа. Тухайлбал ирээдүйд олохоор төлөвлөсөн хөрөнгө, данс, газар доорх шугам сүлжээг барьцаалж зээл олгосныг Хөгжлийн банкнаас ил болгожээ.

Хөгжлийн банкнаас нийт гарсан зээлийн 55 хувь нь буюу 1.3 их наяд төгрөг чанаргүйдэж банк өнгөрсөн оны эцэс гэхэд 240 тэрбум төгрөгийн алдагдалд орсон нь дампуурах эрсдэлийг бий болгоод байсан. Уг нь бол улсын хөгжилд чухал нөлөө үзүүлэх томоохон төслийг санхүүжүүлэх үндсэн үүрэгтэй Хөгжлийн банк нэр бүхий улс төрчид, нөлөө бүхий эрх мэдэлтнүүдэд хуульд нийцэхгүй байдлаар зээл олгосон байгаа юм. Хуульд нийцүүлэх байтугай газар доорх инженерийн шугам сүлжээ, ирээдүйд олохоор төлөвлөсөн орлого, харилцах дансыг нь барьцаалсан Эрэл компанид 109.7 тэрбум төгрөг олгосон нь өнөөдрийн байдлаар хүү, торгууль, алдангитайгаа нийлээд 160 гаруй тэрбумд хүрчээ.

Баримт танилцуулахад: Эрэл компани 2013 онд Хөгжлийн банкнаас 39.8 тэрбум, 2014 онд 44.2 тэрбум, 2015 онд 25.6 тэрбум төгрөгийн зээл авчээ. Зээл авах бүртээ ирээдүйд олохоор тооцсон ашигаасаа төлөх нөхцөлтэй, мөнгөн үлдэгдэлгүй харилцах дансууд, газар доорх шугам сүлжээ барьцаалсан байгаа юм. Тус зээлүүд нь Хөгжлийн банкнаас олгогдсон анхаарал татах эргэлзээтэй зээлийн ангилалд багтаж Авлигатай тэмцэх газар шалгалтын ажлыг эхлүүлээд байна.

Д. Баттулга: Тухайн үед “Эрэл” компанид давуу байдал олгосон банкны удирдлагууд хариуцлага хүлээх ёстой 

Эрэл компанийн удирдлага Б.Эрдэнэбатаас ирээдүйд олох хөрөнгөө барьцаалаад зээл авсан асуудлаар нь тайлбар авахаар залгасан ч утсаа авсангүй. Хөгжлийн банк олон арван тэрбумаар нь баталгаагүй зээл олгож дампуурах эрсдэлд хүрсэнээр ирэх онд олон улсад төлөгдөх бондыг өрийг засгийн газар төлөх үү үгүй юу гэдэгт тулаад байгаа. Гэтэл өнөөгийн нөхцөл байдлыг үүсгэсэн хууль бус зээлдэгчид эргэн зээлээ төлж эхэлсэнд олон нийт алга ташин баярладаг байдлыг зогсоохын тулд Хөгжлийн банкны цаашдын үйл ажиллагаанд ч хуулийн байгууллага хатуу хяналт тавьдаг байх ёстойг цахим сүлжээнд иргэд бичиж байна.