Нийгэм

Өнөөдөр төр нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсан мэндэлсэн өдөр. Монгол Улсад ардчилсан хувьсгалыг өрнүүлсэн алтан хараацай өнөөдөр эсэн мэнд байсан бол 58 нас хүрэх байлаа. Бусдын гарт онц хэрцгийгээр амь насаа алдсан түүнийг жил бүрийн энэ өдөр хүндэтгэн дурсдаг юм. Өнөөдөр журмын нөхөд нь С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийллээ.

УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд асан С.Зоригийг 1998 оны 10 сарын 02-ны өдөр гэрт нь онц хэрцгийгээр хөнөөсөн байдаг. Түүнээс хойш 19 жилийн дараа буюу 2017 онд хэрэгт холбогдох Содномдаржаа, Чимгээ, Амгаланбаатар нарыг буруутайд тооцож 20 жилийн хорих ял оноосон. Гэвч энэ хэрэг бүрэн дууссангүй. Хэрэгт холбогдсон гурван хүнийг эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэж ял оноосон гэдгийг улстөрчдөөс эхлээд олон улсын парламентын холбоо хүртэл дүгнэсэн. Засгийн газраас ч эрүүдэн шүүсэн байж болох зарим дүрс бичлэгийг олон нийтэд ил болгосон. Энэ хэргийг захиалагчтай улстөрийн аллага гэдгийг хуулийн байгууллагаас зарлаад байгаа юм. Өөрөөр хэлбэл С.Зориг агсны аллагын хэрэг бүрэн дүүрэн шийдэгдэж чадаагүй 22 жил өнгөрчээ. Энэ хэргийн захиалагч нь хэн болох, ял эдэлж буй хүмүүс үнэхээр хэрэг үйлдсэн үү гэдгийг нэгмөр шийдэх цаг болсныг Ардчилсан намын удирлдагууд хэллээ.

1989 онд дөнгөж 27 настай С.Зориг Нийгмийг ардчилалын төлөөх залуучуудын хөдөлгөөний идэвхтэй гишүүн болж ардчиллын төлөө дуу хоолойгоо өргөж эхэлсэн түүхтэй. Гэвч тэрээр цэл залуухан 36 насандаа амиа алдсан юм. Түүнийг амиа алдсаны дараа салах ёс гүйцэтгэхээр 30000 хүн цуглан, улс орон даяар бүх нийтийн гашуудал зарлаж байсан түүхтэй юм.