Нийгэм

Нийслэл хотод нийтийн эзэмшлийн гудамж талбайг хувийн болгосон тохиолдол олон бий. Ногоон байгууламжаас эхлээд хүүхдийн тоглоомын талбай, хотын түүхэн хэсгүүд ч өртөөд байна. Үүнээс үүдэн иргэд аж ахуй нэгжүүдийн дунд үл ойлголцол үүсч, газраа хамгаалсан оршин суугчдын гомдол төрийн байгууллагуудад цугларчээ. Тийм учраас нийслэлийн удирдлагууд нийтийн эзэмшил, ногоон байгууламж бүхий газруудыг хувийн өмчид шилжүүлэхгүй байх хуулийн төсөл боловсруулж эхэлжээ.

Нийслэлийн хэмжээнд аж ахуйн нэгж, иргэний мэдэлд шилжсэн нийтийн эдэлбэр, ногоон байгууламж бүхий 32 байршилд 246 иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас шүүхэд гомдол гаргаж шүүхийн маргаантай явж байгааг албаныхан танилцууллаа. Эдгээр газруудад Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэг, Улаанбаатар зочид буудлын өмнөх ногоон байгууламж бүхий цэцэрлэг, УДЭТ-ын хойд талын Ю.Цэдэнбалын хөшөөтэй талбай, МУИС-ийн II байрны урдах хуучнаар Оюутны талбай багтаж байна. Үүний цаана нийслэлийн хэмжээнд бусад дүүргүүдэд нийтийн эдэлбэр байх ёстой талбай хувь эзэмшилд очсон тохиолдлууд олон бий юм. Харин үүнийг Нийслэлийн засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийг нь хүчингүй болгож аль ч даргын үед нийтийн эзэмшил хэвээр байх эрхзүйн зохицуулалтыг хийж эхэлжээ.

2019 онд ХУД-ийн I хорооны нутаг дэвсгэрт багтах ногоон байгууламж бүхий 2.1 га газар дээр “Номин холдинг” ХХК 16 давхар барилга барих гэж байсныг засаг даргын захирамжаар цуцалсан. Одоо энэ газар шүүхийн маргаантай явж байгааг албаныхан хэлж байна. Өнгөрсөн хугацаанд нийт 246 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хууль бусаар эзэмшиж байсан газрыг цуцалсан байна. Цуцлагдсан нийт газрын талбайн хэмжээг тооцоход 150 орчим га газрыг нийслэлийн Засаг даргын зүгээс цуцалж, НИТХ-д хоёр удаагийн тогтоолоор өргөн барьж нийтийн эдэлбэр газраар шийдвэр гаргуулан хамгаалалтад авчээ. Одоогийн байдлаар шинээр 38 байршилд 120 орчим иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газрыг цуцлахаар судалж эхэлжээ.