Нийгэм

Коронавирусийн улмаас эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байна. Ийм цаг үед хэрэглээний төлбөрөө төлж чадаагүй иргэн, аж ахуй нэгжүүдийн гэрэл цахилгааныг таслах, халуун хүйтэн усыг нь хаахгүй байхыг хотын дарга С.Амарсайхан уриаллаа.  Хүнд хэцүү цаг үеийг уян хатан бодлого, нэгнийгээ дэмжсэн байдлаар даван гарах ёстойг онцолсон байна.

Хотын дарга мэдээллийнхээ эхэнд коронавируст халдварын дэлхийн нөхцөл байдлыг танилцууллаа. Цаашид иргэн бүр дор бүрнээ халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол авахыг сануулсан юм. Улс орны эдийн засаг халдвараас шалтгаалан буурсан, олон хүн ажилгүй болсон зэрэг асуудал олон байгаа юм. Тиймээс аж ахуйн нэгж, иргэдийг цахилгааны төлбөрөө төлсөнгүй гэж тог цахилгаан тасдахгүй байхыг хотын дарга холбогдох албаныханд үүрэг болгожээ.  

Өнгөрөгч 10 дугаар сараас хойш агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд түүхий нүүрс түлэхгүй байх, мөн сайжруулсан шахмал түлшний хэрэглээг сайжруулах ажлыг зохион байгуулсан. Үүний хүрээнд нийслэлийн засаг захиргааны байгууллагууд 24 цагаар жижүүрлэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан юм. Өндөржүүлсэн бэлэн байдал 4 дүгээр сарын нэгнээр дуусгавар болсон ч цаашид түүхий нүүрс нэвтрүүлэхгүй байх зэрэгт хяналтаа тавьсаар байхыг хотын дарга онцоллоо. Цар тахлын үед эмнэлгийн хүрэлцээг нэмэгдүүлэх үүднээс Яармагт баригдаж байгаа эх хүүхдийн эмнэлгийг ойрын хугацаанд ашиглалтад оруулахаар зорьж байгаа гэлээ. 

Сүүлийн өдрүүдэд анхаарал татаад байгаа талбайн урд талын цэцэрлэгийг Алтан Дорнод компани өөрийн хөрөнгөөр засварлах саналыг сошиал орчинд мэдэгдээд байгаа юм. Үүнийг хотын захиргаанд албан ёсны санал хүсэлт ирээгүй байгааг хотын дарга хэлээд хэрвээ саналаа хэлээд, биечлэн ирж уулзвал татгалзах шалтгаан байхгүй гэдгийг хотын мэр онцоллоо.