Нийгэм

Коронавирус халдвар улам нууцлаг байдалд шилжиж, бүх улс орон даяар тархсаар байна. Ямар ч шинж тэмдэггүй халдвар тээгчдийг дэлхий даяар хайж эхэллээ. Хатуу дүрэмтэй хөл хорио тогтоож, амны хаалт зүүж байгаа нь тархалтыг хумих цорын ганц арга гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон их гүрнүүд хүлээн зөвшөөрч байна. Ийм цаг үед Монгол улсын иргэд ч хариуцлагатай хандаж шаардлагагүй бол хүүхдээ дагуулан гадуур явахгүй байхыг санууллаа.

Дэлхийн 211 улсад коронавирусийн халдвар тархаж, 1 сая 200 мянга гаруй хүн энэ халдвараар өвчлөн Монгол улсад 15 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн энэ үед иргэд анхаарал болгоомжтой байж, сонор сэрэмжээ алдаж болохгүй. Гэтэл иргэд амны хаалтаа зүүхгүй байх, зориулалтын бусаар зүүх, бага насны хүүхэд амны хаалтгүй гадуур тоглох, оройн цагаар маск зүүхгүй байх зэргээр хэнэггүй хандаж байгааг холбогдох албаныхан анхаарууллаа. 

Дэлхий нийтийг цочроогч уг халдварын 18-31 хувь нь нууц халдвар тээгч буюу ямар нэгэн шинж тэмдэггүйгээр өвчилсөн хүмүүс байдаг гэдгийг ДЭМБ-аас тогтоожээ. Иймд иргэдийг анхаарал болгоомжоо алдахгүй байхыг зөвлөж байна. Гэхдээ зөвхөн иргэд ч гэлтгүй ААН-үүд хүртэл анхаарлаа сулруулж, мэргэжлийн байгууллагын өгсөн зөвлөмжийг дагахгүй байгааг МХГ-аас мэдээллээ. 

БНХАУ-д өчигдрийн байдлаар коронавирусийн шинж тэмдэггүй 64 тохиолдол бүртгэгджээ. Шинж тэмдэггүй халдварын тээгч нь зарим тохиолдолд 14-өөс ч олон хоног буюу сар  хүртэлх хугацааны дараа илрэх тохиолдол байна. Иймд амны хаалт зүүх нь хамгийн найдвартай арга гэдгийг ЭМЯ-наас анхаарууллаа.