Нийгэм

Ачаа, тээврийн хэмжээ нэмэгдэхийн хэрээр дэд бүтцэд өөрчлөлт, шинэчлэл хийх шаардлагатай болдог байна. 70 жилийн өмнө галт тэрэг 25-40 км/ц-ын хурдтай байсан бол одоо зүтгүүрийн хүчин чадал нэмэгдэж 100 км/ц хүртэл хурдлах боломжтой болжээ. Гэсэн ч замын суурь эд ангийг засч шинэчлэх шаардлага байгаа учраас хурдаа бууруулахад хүрсэн байна. Тодруулбал нийт гол төмөр замын 350 гаруй км нь өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэн учраас замын даргын шийдвэрээр галт тэрэгний хурдыг 70км/ц болгон бууруулжээ. 

Төмөр замын засвар үйлчилгээ хийхэд зарим эд анги, бэхэлгээ зэргийг импортоор авдаг байна. Үүнд рейс төмөр зам, бетон дэрний бэхэлгээ, арматур зэргийг импортоор авдаг гэлээ. Үүнээс шалтгаалан жил бүрийн засвар үйлчилгээний зардал өсөн нэмэгдэж байгааг албаныхан учирлалаа. Өмнөх онуудад нэг км төмөр замын засварын зардал 500-600 сая төгрөг байсан бол одоо 770 сая болсон байна. Эрсдэлтэй үнэлэгдсэн 350 км төмөр замыг шинэчлэн засварлахад багагүй хөрөнгө шаардлагатайг албаны хүн хэлж байна.

Төмөр замын хөгжилд хурдаа бууруулж байгаа нь ухралт болж байгааг тэд учирлаж байна. Замын аж ахуйн алба жилд 100 км төмөр замыг засварлах хүчин чадалтай гэлээ. Засвар үйлчилгээний машин механизм, техникийг шинэчлэн бүрэн хүчин чадлаараа ажиллавал 2-3 жилийн дотор эрсдэлтэй замыг шинэчлэн засч дуусах юм байна.