Нийгэм

Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас газар чөлөөлөх ажил эхлэх болсонтой холбогдуулан мэдээлэл өглөө. Нийслэлийн хэмжээнд 190 гаруй байршилд газар чөлөөлөх ажил хийх юм байна. Үүнд дэд төвүүд барих, сургууль цэцэрлэгийн талбай зэрэг олон байршил орж байгаа гэлээ. Мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж газрын үнэлгээг зах зээлийн үнээр тогтоож байгааг албаныхан хэлж байна.

Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас газар чөлөөлөх 194 байршил тогтоожээ. Үүнээс 35 ажил он дамжин хийгдэж байна. Үлдсэн хэсэг нь 2020 онд шинээр хийгдэхээр төлөвлөгджээ. Энэ онд хоёр дэд төвийн ажил шинээр хийгдэх юм байна. Дэнжийн мянга, Дамбадаржаа дэд төвийн ажил зураг төсөл хийгдэх шатанд явагдаж байгаа гэлээ. Мөн 21 сургууль цэцэрлэгийн барилгын газар чөлөөлөлтийн ажил хийгдэж эхэлснийг албаныхан хэлж байна. 142 автозамын ажил хийгдэхээр төлөвлөгөөнд тусгагджээ. Дээрх бүх байршилд газар чөлөөлөлтийн ажил хийгдэх юм.

Газраа чөлөөлж байгаа иргэдийн хувьд газраа зах зээлийн үнээр өгч байгааг албаны хүн хэлж байна. Өнгөрсөн хугацаанд иргэд газраа чөлөөлдөггүй, хэт өндөр үнэ хэлэх зэрэг асуудал тулгардаг байсан бол одоо иргэдтэй үүсэх газрын маргаан гарахгүй байгааг онцоллоо.

Цаашид газар чөлөөлөлтийн ажлыг хийхэд хууль эрхзүйн орчин тодорхойгүй байгааг албаныхан онцолж байна. Нийгмийн зайлшгүй хэрэгцээг  үнэдслэж газрыг нөхөн олговортойгоор эргүүлж авах тухай хуулийн төсөлд нийслэлээс саналаа өгөөд байгаа юм байна. Хууль эрхзүйн орчин тодорхой болсноор газар чөлөөлөлтийн ажил илүү ойлогомжтой, тодорхой болохыг газар чөлөөлөх хэлтсийнэ дарга хэлж байна.