Нийгэм

Нийслэлийн төв хэсэг Сүхбаатарын талбайн урд хэсгийг засварлах ажил маргааш эхлэх гэж байна. Хувийн компанийн мэдэлд шилжээд байсан газрыг улс буцаан авч тохижилт хийгдэхээр төлөвлөгджээ. Усан бассейн, ногоон байгууламж, ариун цэврийн газар гээд иж бүрэн тохижуулах зураг төсөл хийгдсэн байна. Цаашид хамгаалж, арчлах ажлыг Сүхбаатар дүүрэг хариуцахаар шийджээ.  

 

Сүхбаатарын талбайн урд байрлах цэцэрлэгт хүрээлэнг шинэчлэн тохижуулах ажлыг 4 дүгээр сарын нэгнээс зургаадугаар сарын нэгний хооронд хийхээр болсон байна. Тус цэцэрлэгт хүрээлэнд ногоон байгууламж, 85*14 метрийн хэмжээтэй хөгжимт усан оргилуур, 800мкв хэмжээтэй задгай дугуй талбай, хоёр нийтийн бие засах газар байх юм байна. Ногоон байгууламжийг газар доорхи автомат усжуулалтын системтэй байхаар шийджээ.

 

Хонхтой бичил цэцэрлэгт хүрээлэнд сүүлийн 20 жилийн хугацаанд тохижилт үйлчилгээ хийгдээгүйг албаныхан хэллээ. Тохижилт үйлчилгээ хоёр сарын хугацаанд хийгдэх юм байна. Хонхтой бичил цэцэрлэгт хүрээлэнгийн засвар арчлалт, тохижилтийн ажлыг Сүхбаатар дүүрэгт хариуцуулахаар болжээ. Тус цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах ажилд 3.2 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна.

 

Өнгөрсөн оноос эхлэн нийслэл хувь эзэмшилд очсон нийтийн эдэлбэр газруудын газар эзэмших эрхийг хүчингүй болгох ажлыг эхлүүлсэн. Эзэмшиж, ашиглахаар авсан газраа хоёр жилээс дээш хугацаанд огт ашиглаагүй, зориулалтын дагуу ашиглаагүй, аюултай байдал бий болгосон зэргээс шалтгаалан газрын эрхийг цуцлах ажлууд цаашид ч хийгдэхийг албаныхан хэллээ.