Нийгэм

Урт цагаан 1958 онд Хоршоологчдын хөрөнгөөр баригдаж “Үйлчилгээний артель” нэртэйгээр ашиглалтад орсон байдаг. Үүнийг 1999 онд нийслэлийн өмчлөлд шилжүүлжээ. Нийслэлийн өмчид шилжсэн ч энэ барилгад урсгал засварын зардал нь орлогоосоо хэд дахин хэтэрснийг албаныхан учирлаж байна.

Тухайлбал түрээслэгчид жилд 600 гаруй сая төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх учиртай. Гэсэн ч түрээсийн гэрээ байгуулагчид төлбөрөө хугацаанд нь өгдөггүй, шүүхийн маргаантай зэрэг асуудлаас үүдэн жил бүр алдагдал нэмэгдэж байгаа гэлээ.

2009 оноос хойш тус барилгад мэргэжлийн байгууллагаас 10 гаруй дүгнэлтийг үйлджээ. Дүгнэлт бүрт урт цагааныг ашиглах боломжгүй, гал гарах эрсдэлтэй, барилгын хийц, бэлдцийн 60-аас дээш хувь нь эвдэрч, дахин ашиглах боломжгүй гэж гарчээ. Харин үүнийг НИТХ-аас дахин төлөвлөлт оруулах уу? Эсвэл сэргээн засварлах уу гэдгийг шийдвэрлэх юм байна. Одоогийн нөхцөл байдалд хэзээ мөдгүй гал гарахад бэлэн байгааг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.

Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газраас 30 хүнээр дамжуулж бус түрээслэгч нэг бүртэй гэрээ байгуулан ажиллах хүсэлтэй байгаагаа дуулгалаа. Ингэснээр түрээслэгч бүр хямд үнээр ажлын байраа түрээслэх боломжтой болох юм. Мөн Хууль бус дам түрээсийг ч таслан зогсоох юм. Түрээслэгчид нийслэлтэй гэрээ байгуулж мкв-ыг нь 9000 төгрөгөөр түрээслэдэг ч цааш нь 300-1.5 сая төгрөг болгон дамлан түрээслэдэг байна.

Өнгөрсөн онд түрээслэгчид 600 гаруй сая төгрөг нийслэлд татан төвлөрүүлэхээр байсан ч 500 гаруй сая төгрөгийг төвлөрүүлсэн байна.