Пхеньян Вашингтоноос тавьсан ээлжит хоригт хариу өгөв үү?

Улс төр

Умардын эрх баригчид ийнхүү удаа дараа, ойр ойрхон пуужингийн туршилт явуулж байгаад олон улсын нийгэмлэг болгоомжилсон байр сууринаас хандаж байна. Зарим мэдээллээр Пхеньян ийнхүү пуужингийн туршилтаа эрчимжүүлж байгаа нь шинэ оны үеэр Умардын тэргүүн Ким Жон Ун улс орных нь эсрэг олон улсын зүгээс тавьсан хориг арга хэмжээний хариуд улсынхаа батлан хамгаалах салбарын хүчин чадлыг нэмэгдүүлэх амлалт өгсөнтэй холбоотой ч гэж харж байна. 

АНУ-ын тал Умард Солонгос пуужингийн харвалт, туршилт явуулж байгаатай холбоотойгоор НҮБ-д хандан Пхеньяны эсрэг нэмэлт хориг тогтооход уриалжээ. Америкийн сангийн яам 1-р сарын 12-нд Умард Солонгосын нэр бүхий 6 иргэнийг үй олноох хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэхэд оролцож байгаа гэж үзэн “хар жагсаалтад” багтаан, хориг тавьсан юм.

Энэхүү хоригийг Вашингтоны тал Пхеньян 1-р сарын 5 болон 11-нд пуужин харвасантай холбоотойгоор авчээ. Түүнчлэн АНУ болон нэр бүхий 5 улс орон хамтран Пхеньяны эсрэг хамтарсан мэдэгдэл гарган, Солонгосын хойгийн бүс нутаг дахь аюулгүй тогтвортой байдлыг сахин хамгаалж, пуужингийн туршилт явуулахыг эсэргүүцжээ. Тэгвэл Пхеньян тал олон улсын дарамт шахалтыг үл харгалзан, өөрийн орны цөмийн хөтөлбөр, цэрэг батлан хамгаалахын сүр хүчийг илүү боловсронгуй болгох зорилго тавиад байгааг мэдэгджээ.

Мэргэжилтнүүд Умард Солонгосын талын сүүлд туршиж байгаа дуунаас хурдн пуужин хэд хэдэн тодорхой шалтгаанаар бусад нэр төрлийн пуужингаас илүү аюултай болохыг сэрэмжлүүлэн анхааруулж байна. Цөмийн баллистик пуужинтай харьцуулахад дуунаас хурдан пуужин нь парабол хэлбэрийн шатлалтай учраас ПЭХСистемд баригдахгүй, мөн бусад төрлийн пуужинтай харьцуулахад илүү богино хугацаанд байнд тусах чадвартай гэнэ. Түүнчлэн дуунаас хурдан пуужин цагт 6,200 км хүртэл хурдлах чадвартай нь дууны хурднаас бараг 5 дахин илүү хурдтай гэсэн үг юм. Чухам энэ шалтгаанаар дуунаас хурдан пуужинг тогтоон барих, замаас нь устгах бараг боломжгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Гиперсоник буюу дуунаас хурдан пуужинг өнөөдөр Америк болон Оросын талууд идэвхтэй боловсруулан туршиж байгаа юм.