Япон Улс “Бээжин-2022” өвлийн олимпийн наадамд албаны төлөөлөгчдөө илгээхгүй

REUTERS

Спорт

Манай урд хөршид ирэх оны 2-р сард болох “Бээжин-2022” Өвлийн Олимпийн наадамд Япон улс албаны төлөөлөгчдөө илгээхгүй гэдгээ мэдэгдлээ. Японы засгийн газар Олимпийн наадмын нээлтийн ёслолд оролцох байсан сайд нарын танхимын гишүүд, бусад албаны төлөөлөгчдөө илгээхгүй байхаар шийдвэрлэсэн байна. 

“Бээжин-2022” Өвлийн Олимпийн наадамд дипломат хориг тавьж, албан ёсны төлөөлөгчдөө илгээхгүй гэдгээ АНУ, Их Британи, Канад, Австрали зэрэг улс орнууд мэдэгдээд байгаа юм. Тэгвэл эдгээр улс орнуудтай Япон улс мөн нэгдэж байна.

Дэлхийн улс орнууд Хятад улс дахь хүний эрхийн байдалтай холбоотойгоор Бээжингийн Олимпийн наадмыг дипломат аргаар эсэргүүцэж байгаа юм. Хэдийгээр Өвлийн Олимпийн наадамд улс орнууд албаны төлөөлөгчдөө илгээхгүй гэж байгаа ч ирэх 2-р сард болох уралдаан тэмцээнүүдэд улсынх нь үндэсний баг тамирчид саадгүй оролцоно гэдгийг тодотгож байна.

Хятадын засгийн газар хүн төрөлхтөний эв нэгдлийн билэг тэмдэг болох Олимпийн наадмын үйл ажиллагаанд улс орнууд дипломат хориг тавьж, спортын арга хэмжээг улс төржүүлж байгааг эсэргүүцэн, энэ алхам нь Олимпизмын хөдөлгөөн, Олимпийн хартийн үзэл санаатай зөрчилдөж байгааг шүүмжилж байгаа юм.