Вифлеемд Зул сарын баярын гол арга хэмжээ цомхон хэмжээнд болж байна

Үйл явдал

Палестины Вифлеем хотноо зул сарын уламжлалт сүмийн ёслол эхэлжээ. Вифлеем хотод зул сарын баяраар жил бүр  дэлхийн өнцөг булан бүрээс сүсэгтнүүд ирж, сүмийн арга хэмжээнд оролцдог ч энэ жил цар тахлаас шалтгаалан хүн бага байгаа юм. 

Библи сударт бичсэнээр чухам Вифлеем хотод одоогоос 2 мянган жилийн тэртээ Есүс Христ эхээс мэндэлжээ. Христийн мэндэлсэн газарт зул сарын баяраар гол арга хэмжээ болж, Христийн мэндэлсэн сүм хийдэд гол мөргөл залбирал үйлдэж байгаа юм. Энэ жилийн сүмийн гол ёслолыг Иерусалимын Латины католик сүмийн хамба лам Пьербатиста Пиццабалла гүйцэлдүүлнэ.

Вифлеемыг зорих гадны жуулчдын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж, жил бүр Вифлеемд гадны 25-35 мянга жуулчин, сүсэгтэн ирдэг байсан бол энэ жил цар тахлаас шалтгаалан хөл хөдөлгөөн багатай байна.

Есүс Христийн мэндэлсэн газар гэж тооцогддог ариун Вифлеем хот 40 мянган хүн амтай. Тэгвэл Вифлеем хотод зул сарын баярын үеэр гадна дотны 200-аад мянган зочид гийчид жил бүр ирдэг байжээ. Зул сарын баяр үргэлжлэх 12-р сарын 25-наас 1-р сарын 19-нийг хүртэл Вифлеем хотын аюулгүй байдлыг цар тахалтай холбоотой өндөржүүлж, халдвар хамгааллын дэглэмийг сахиж байна.