Нийгэм

Авлигатай тэмцэх газар шударга байдлын үнэлгээ явуулжээ. Яамдууд, аймгийн тамгын газар, засгийн газрын харъяа агентлагуудыг багтаасан байна. Өмнөх онтой харьцуулбал шударга байдлын үнэлгээний оноо нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, эдгээр байгууллагууд авлигын эрсдлийг бууруулж, хяналтаа чангатгаж чадсан гэдгийг хуулийн байгууллага онцолж байна. Цаашид энэ байдлыг хадгалах нь чухал байгааг Авлигатай тэмцэх газрын судлаачид хэллээ.

АТГ-аас сүүлийн 4 жилд төрийн байгууллагад шударга байдлын үнэлгээг хийж байна. 2019 онд хийсэн шударга байдлын үнэлгээний үр дүнд төрийн байгууллагуудын шударга байдлын үнэлгээ нэмэгдсэн байна. Харин зарим байгууллага ил тод бус, авлигын эрсдэлд өртөх магадлал өндөр, иргэдэд үзүүлэх үйлчилгээ муу зэрэг шалтгаанаар бага үнэлгээ авчээ. Төрийн байгууллагуудыг 0-100 оноогоор жагсаахад хамгийн өндөр оноог соёл урлагийн байгууллага авсан бол хамгийн бага оноог Гаалийн ерөнхий газар авсан байна. Мөн зарим аймгуудын засаг даргын тамгын газрын үйл ажиллагаа хангалтгүй үнэлэгджээ.

Үйл ажиллагаа нь доогуур үнэлэгдсэн байгууллагуудад АТГ-аас соён гэгээрүүлэх сургалт сурталчилгааг явуулах юм байна. Зарим үнэлгээ доогуур гарсан албан байгууллагын удирдлагууд АТГ-тай харилцдаг мэргэжилтэнд бурууг өгдөг байна. Төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээ гэдэг бол ганц ажилтны үйл ажиллагаа бус албан хаагч, ажилтан нэг бүрийн хариуцлагаас шууд хамааралтай гэдгийг албаныхан хэлж байна.

Төрийн 62 байгууллагаас үйлчилгээ авсан 7400 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл болон үйлчилгээ хүргэсэн 1360 албан хаагч, 795 шинжээчийн үнэлгээнд үндэслэн үнэлгээг тооцон гаргажээ. 

ФЭЙСБҮҮК ШУУД