Нийгэм

Улсаа аврах үндэсний хөдөлгөөнөөс Оюу Толгой компанийн удирдлагуудад хаяглан шаардлагад хүргүүллээ. Тус компанид нийт 15 мянган гэрээт ажилтан ажилладаг. Эдгээр ажилчдыг үндсэн ажилтан болгох, мөн амралтын хуваарийг өөрчлөхийг шаарджээ.

Оюу-Толгойн гэрээ манай улсад ашигтай юу гэдэг дээр ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа. Гэвч энэхүү ажлын хэсгээс ажилчдын нийгмийн баталгаа, амралтын хуваарь зэрэг асуудалд анхаарал хандуулахгүй байгаа гэдгийг Улсаа аврах хөдөлгөөнөөс мэдэгдсэн. Тиймээс орхигдсон энэ асуудлыг сэргээн тавьж, гэрээт ажилчдын нийгмийн баталгааг хангах үүднээс энэхүү шаардлагыг хүргүүлж байна гэсэн юм.

Шаардлагад мөн амралтын хуваарийн асуудлыг тусгажээ. Зарим ажилчдын хувьд 14 хоног ажлаад 7 хоног амардаг. Гэвч хол гэртээ хүмүүст амралтын хоног хүрэлцдэггүй, гэр бүлдээ гаргах цаг бага байдаг. Улмаар энэ байдал нь гэр бүл салах шалтгаан болж байна гэсэн юм. Иймд амралтын хоногийн өөрчилж 14:14 болгохыг тэд шаардлаа.

Оюу Толгой компаниас энэхүү шаардлагыг хүлээн авсан. Гурав хоногийн дотор судалж, эргэн хариу мэдэгдэх болно гэсэн юм.