Их Британи Улс Афганистаны 8 мянган дүрвэгч хүлээн авлаа

Үйл явдал

Их Британи улс өнгөрсөн 8-р сараас хойш Афганистанаас албаны мэдээллээр 8 мянга гаруй дүрвэгч хүлээн авчээ. Их Британид тогтоосон халдвар хамгааллын журмын дагуу гаднаас ирж байгаа иргэдийг 10 хоногийн хугацаатай карантинд авч байгаа юм. 

Карантины хугацаа дуусгавар болсны дараа ч Афганистанаас ирсэн дүрвэгсэд очих газаргүй байгаа учраас зочид буудлуудад үлдэж байгаа юм. Эх орноосоо дүрвэн зугтсан хүмүүс хэзээ нэгэн цагт ийнхүү  төрсөн нутаг орноо орхин явна чинээ бодож төсөөлж байгаагүйгээ ярьж, тэд өөрийн болоод ойр дотны хүмүүсийнхээ амь насыг хамгаалахын тулд ийм сонголт хийхээс аргагүйд хүрснээ хэлж байгаа юм.

Их Британийн дотоод хэргийн яамны мэдэгдэж байгаагаар Афганистан дахь Британийн хүчнийхэнтэй хамтран ажиллаж байсан энэ улсын иргэдэд бүх насаараа энд үлдэх эрх олгож байгаа гэнэ. Харин Афганистаны бусад дүрвэгсдэд эхний ээлжинд ажил хөдөлмөр эрхлэх боломжтой 5 жилийн хугацаатай виз олгож байгаа юм.