Сүүлийн 24 цагт нийслэлд 912, орон нутагт 2893 тохиолдол бүртгэгджээ

Ковид-19 /дотоод/

Цар тахал манай улсад тарснаас хойш хамгийн өндөр буюу 3805 тохиолдол бүртгэгдлээ.

Улсын хэмжээнд 24 цагийн хугацаанд 17,947 хүнд шинжилгээ хийхэд халдварын 3805 тохиолдол шинээр илэрчээ.

Халдвар авсан иргэдийн 912 нь нийслэл хотод бол 2893 нь хөдөө орон нутагт байна.

Цар тахал манай улсад тарсан цагаас хойш хамгийн өндөр тохиолдол өнгөрсөн 24 цагт бүртгэгдэж нийт халдвар авсан хүний тоо 221 мянга 351 боллоо.

Дельта хувилбар өргөн хүрээнд тархсан гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлээд 10 хүрэхгүй хоног болж байна.

УОК-оос дельта мутацийн тархалт оргил үедээ 9-р сарын 20-25-ны хооронд 3500 хүрнэ гэж байсан ч өнгөрсөн хоногт 3800 давлаа.

Тиймээс халдварын нөхцөл байдал цаашид улам хүндрэхийг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна.  Одоо дор бүрнээ хариуцлагатай байх нь юу юунаас чухал гэдгийг санууллаа

Хоногт 41-80 насны дөрвөн иргэн нас барсан. Харин ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан дөрвөн настай хүүхэд ковид-19 халдварын улмаас нас барсан гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл хүүхдийн нас баралтын шалтгаан ковид-19 халдвар биш хавсарсан өвчний улмаас гэдгийг албаны хүн хэллээ.

Одоогоор халдварын улмаас 15136 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн 20714 иргэн гэрээр хянагдаж байна.

Хэвтэн эмчлүүлж байгаа иргэдээс 1095 хүний биеийн байдал хүнд 237 хүн маш хүнд оноштой байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.