Нийгэм

Дэлхий нийт цаг агаарын өөрчлөлттэй тэмцэж байгаа. Дулаарлыг зогсоохын тулд улс орон бүр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилт тавиад байгаа юм. Тэгвэл манай улс өнөөдөр өөрсдийн хүлээсэн үүргээ дүгнэлээ. Монгол улс 2030 он гэхэд хүлэмжийн хий ялгарлыг 22.7 хувиар бууруулах боломжтойг танилцууллаа. Мөн энэ жилийн урт намар цаг уурын өөрчлөлттэй шууд холбоотойг ч эрдэмтэд хэлж байна.

Дэлхийн дулаарлыг цельсийн 2 хэм, цаашлаад 1.5 хэмд хязгаарлах зорилт бүхий Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Парисын хэлэлцээрт 200 гаруй улс нэгдсэн байдаг. Хүлэмжийн хийн ялгаралыг 2030 он гэхэд 14 хувь бууруулахаар тодорхойлсон байдаг. Харин энэ удаагийн хэлэлцээрийн үеэр хүлэмжийн хийг 22.7 хувь болгон бууруулсныг албаныхан мэдэгдлээ. Хүлэмжийн хийг бууруулахад эрчим хүч, хөдөө аж ахуй, барилга, зам тээвэр, аж үйлдвэр, хог хаягдлын чиглэлд голлон анхаарах шаардлагатай байдаг. Мөн манай улс сэргээгдэх эрчим хүчээ ашиглах нь хүлэмжийн хийг бууруулах бодит боломж байхыг мэргэжилтнүүд онцолж байна.

Өнөөдрийн олон улсын чуулганаар Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Үндэсний хэмжээнд тодорхойлсон зорилтыг баталж, Конвенцийн Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хөгжлийн чиг хандлагыг тогтвортой, ногоон болгоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх дээрх шинэ тогтолцоог үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхэд олон талын хамтын ажиллагаа, дэмжлэг хэрэгтэйг олон улсын экспертүүд онцоллоо.