Нийгэм

Олон улсын сургалтын хөтөлбөртэй гэгддэг сургуулиуд манай улсад хэд хэд бий. Эцэг эхчүүд ч Кембрижийн сургалттай гэгдэх сургуульд хүүхдээ өгөх сонирхолтой байдаг юм. Тэгвэл мөн чанартаа энэ сургуулиуд ердийн хөтөлбөртэй болох нь тогтоогджээ. Гүнзгийрүүлсэн сургалт явуулах зөвшөөрөлгүй, хичээлийн төлөвлөгөөгүй байсныг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ. 

Шалгалтад Орхон-Хасү сургууль, Сакура, Улаанбаатар-Элит олон улсын сургууль, Jet сургууль, Орчлон, Singapore school of Mongolia, Улаанбаатар дахь олон улсын дунд сургууль, British school, Тэрэлж боардинг, Улаанбаатар дахь Америк ерөнхий боловсролын сургууль хамрагджээ. Шалгалтаар Jet, Тэрэлж боардинг, Сакура сургуулиудын улсын бүртгэлийн гэрчилгээ, сургалт эрхлэх тусгайзөвшөөрөл, сургалт явуулж байгаа байрлалын хаяг хоорондоо зөрүүтэй зөрчил илэрчээ. 

Мөн тусгай зөвшөөрлийн хэв шинжээс өөр сургалт явуулж байсан нь бүртгэлийн тухай хууль, боловсролын тухай хуулийн зөрчсөн байна. Мөн ердийн болон гүнзгийрүүлсэн сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлтэй боловч олон улсын хөтөлбөртэй, эсвэл international school гэж нэрлэх зөрчил ихээхэн гарсан байна. Америк, Сингапур болон Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлдэг гэх зөрчлүүд илэрчээ. Үүнд Сакура, Singapore school of Mongolia, Jet, Тэрэлж боардинг зэрэг сургуулиуд багтаж байгаа юм.

Кембрижийн хөтөлбөрийн сургалтад хамрагдаагүй, багшийн мэргэжилгүй гадаад багш нарыг ажиллуулдаг байна. Шалгалтад хамрагдсан сургуулиудын багш нарын мэргэжлийн зэрэгтэй багшийн эзлэх хувийг сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлд заасан хувьтай харьцуулж үзэхэд Улаанбаатар-Элит сургуулийн 15 хувь нь зэрэгтэй байхаас 13.7 хувь байжээ. Харин Сингапур тусгай зөвшөөрөлд 54 хувь зэрэгтэй байхаас 21 хувь, Сакура мэргэжлийн зэрэгтэй багш 70 хувь байхаас 28.5 хувь, Орхон Хасү сургуулийн багшийн 45 хувь мэргэжлийн зэрэгтэй байхаас 33 хувьтай байгаа нь Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлд заасан үзүүлэлтүүдийг зөрчсөн байна. Шалгалтад хамрагдсан сургуулиудад арга хэмжээ авч, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ, зөвлөгөөг хүргэжээ.