Талибаны бүлэглэл улс төрийн тогтолцооны талаар хэвлэлийн бага хурал хийлээ

Улс төр

Афганистаныг булаан эзлээд байгаа Талибаны бүлэглэл улсынхаа засгийн эрхийг тэргүүлэх нь гарцаагүй болж, ирээдүйн улс төрийн шинэ тогтолцооны талаар талибаны бүлэглэл болоод улс төрийн бүлэглэлүүдтэй идэвхтэй зөвлөлдөж байна. Энэ талаар Талибаны бүлэглэл Афганистаны нийслэл Кабул хотноо хийлгэсэн анхны хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

Талибаны бүлэглэлийнхэн улсынхаа нийслэлийг булаан эзэлж, хяналтандаа оруулснаас хойшхи 3 дахь өдөр ийнхүү албан ёсны хэвлэлийн бага хурал хийж, улс орон дахь өнөөгийн нөхцөл байдал, цаашдын улс төрийн тогтолцооны асуудлаар мэдээлэл хийсэн байна. Талибаны албаны төлөөлөгч Забихулла Мужахид энэ үеэр Талибаны бүлэглэл Афганистаны нутаг дэвсгэр дээр исламын хууль журам нэвтрүүлэх эрхтэй гэдгийг хэлж, улс төрийн шинэ тогтолцооны талаар идэвхтэй зөвлөлдөж байгаа талаар мэдэгджээ. Талибаны бүлэглэл улс орондоо улс төрийн шинэ тогтолцоо, шинэ засгийн газар бүрдүүлэхийн тулд Афганистаны Үндэсний эвлэрлийн дээд зөвлөлийн тэргүүн Абдулла Абдулла, мөн Исламын намын удирдагч Гулбеддин Хекматияр, Афганистаны экс ерөнхийлөгч Хамид Карзай зэрэг улс төрчид, мөн улсын эрх мэдлийг тайван замаар шилжүүлэх Афганистаны зохицуулах зөвлөлийн төлөөлөлтэй хамтарсан яриа хэлэлцээ явуулах болно гэдгийг тэмдэглэсэн байна.

Тэрээр энэ талаар мэдэгдэхдээ: - Талибаны бүлэглэл, улс төрчид улс орондоо засгийн газрыг хэн бүрдүүлэх талаар идэвхтэй зөвлөлдөж байна. Ямарваа улс орны хувьд эрх чөлөөгөө олж авах нь туйлын зорилго байдаг. Афганчууд бид өөрийн хууль ёсны эрхээ эдлэн, 20 жилийн жихадын дараа эрх чөлөөгөө эргүүлэн олж авч, улс орноо гадны эзлэн түрэмгийлэгчдээс чөлөөллөө. Бид Афганистаны ард түмний хүсэл эрмэлзэлд нийцсэн засгийн газар, улс төрийн тогтолцоог бүрдүүлэхийн төлөө ажиллах болно гэжээ.

Түүнчлэн Мужахид мэдэгдэлдээ: - Афганистан улс цаашид хар тамхи, мансууруулах бодисноос ангид улс орон байх болно, гэхдээ үүнд олон улсын нийгэмлэг, улс орнуудын дэмжлэг шаардагдана гэжээ. НҮБ-ын мэдээгээр 2020 онд Афганистанд нийтдээ 6,3 мянган тонн опиум буюу хар тамхины төрлийн олсны ургамал тариалсан нь дэлхийн нийт хар тамхины үйлдвэрлэлийн 85% нь юм. Шинжээчид талибаны зэвсэгт бүлэглэлийг гол санхүүжилтээ чухам хар тамхины хууль бус наймаанаас бүрдүүлдэг гэж үздэг байна.

Хэвлэлийн бага хурлын үеэр түүнчлэн Талибаны бүлэглэл мөн хэвлэл мэдээллийн чөлөөт тэнцвэртэй байдлыг одоогийн хэвээр байлгана гэсэн ч үндэсний ашиг сонирхлын эсрэг зогсохгүй байхыг шаардах болно гэдгээ ойлгуулжээ. Талибаны албаны төлөөлөгч Забихулла Мужахид хэвлэлийн бага хурлын төгсгөлд “Афганистаны ард түмний үндэсний бахархлаа дээдлэх цаг үе ирээд байгааг” тэмдэглэн хэлжээ. Үүнтэй зэрэгцээд Афганистанаас хөөгдөн Катарт амьдарч байсан Талибаны тэргүүлэгчид эх орондоо эргэн ирж эхэлжээ. Талибаны бүлэглэлийн хийлгүүлсэн хэвлэлийн бага хурлыг Афганистаны “Ариана Ньюс” суваг шууд дамжуулан үзүүлсэн байна.