Нийгэм

Гэр хорооллын айл өрхүүдээс гарч байгаа хог хаягдлын 80 орчим хувь нь нүүрсний үнс байдаг. Үүнийг байгальд шууд хаялгүйгээр дахин боловсруулж, барилгын материал хийх боломж бий гэдгийг мэргэжлийн байгууллагуудаас хэлж байна. Гол нь шахмал түлшний үнсээр хийсэн бүтээгдэхүүн хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх шаардлагатай. Тиймээс энэ асуудлын хүрээнд судалгааны ажлыг явуулж эхэлжээ.

Манай улс Цахилгаан станцуудаас гарч байгаа нүүрсний хаягдал үнсийг цемент, бетон зуурмаг үйлдвэрлэхэд ашиглаж байна. Ингэснээр элс дайрганы өртөг буурах, бүтээгдэхүүний чанар сайжрах зэрэг олон талын ач холбогдолтой.

Цемент, бетон зуурмаг үйлдвэрлэхээс гадна барилгын төрөл бүрийн дулаалгын материал хийх боломж байна. Гэр хороолын 200 мянга гаруй айл өрхөөс гарах нүүрсний үнс буюу түүхий эд ч хангалттай бий. Тиймээс олон улсад хэдийнэ хэрэглээнд нэвтрүүлсэн энэ технологийг бид ашиглах үүднээс ажлыг хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгээс шахмал түлшний хаягдал үнсээр хийсэн бүтээгдэхүүн хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх үү гэдэг асуудлын хүрээнд судалгаа явуулж эхлээд байна.

Ажлын хэсгийг агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, нийслэлийн засаг даргын орлогч Мөнхжаргал ахалж байна. Хэрэв бид гэр хорооллын айл өрхүүдээс гарч байгаа хаягдал үнсийг боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадвал байгаль экологид үзүүлэх сөрөг нөлөө багасах, барилгын зарим бараа бүтээгдэхүүний үнэ буурах зэрэг олон талын ач холбогдолтой.