Иргэдийн цалин хөлсний орлого буурсаар байгааг Статистикийн газраас мэдээллээ

Нийгэм

Хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн оноос 13 хувиар өсчээ.

Манай улс иргэдийнхээ цалин хөлсний бууралтыг халамжаар тогтворжуулж байна.

Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар иргэдийн өрхийн болоод цалин хөлсний орлого бууралттай хэвээр байна. Өнгөрсөн оны хоёрдугаар улиралд иргэдийн гар дээр авч байсан цалин хөлсийг энэ оны хоёрдугаар улиралтай харьцуулахад дунджаар 100 мянган төгрөгөөр буурчээ. Харин нэгдүгээр улиралтай харьцуулахад 37 мянган төгрөгөөр буурсан гэдгийг Статистикийн газраас мэдээллээ. Тэгвэл иргэдийнхээ гар дээр авч байгаа цалин хөлсний бууралтыг манай улс тэтгэвэр тэтгэмж, халамжаар нөхөж байна.

Иргэдийн дундаж цалин өнөөдрийн байдлаар 1.5 сая төгрөг байна. Засгийн газар цар тахлын улмаас хөл хорио тогтоох үүднээс иргэн бүрт 300 мянган төгрөг олгосон. Мөн дархлаажуулалтад хамрагдсан иргэн бүрт 50 мянган төгрөгийн урамшуулал малчин иргэдэд олгосон дэмжлэг зэргээр улсаас олгож байгаа тэтгэмжийн хэмжээ өсөлттэй гарсаар байна. Одоогоор нэг өрхөд дунджаар 462 мянган төгрөгийн тэтгэмж олгож байгаа юм.

Өрхийн зарлага өнгөрсөн жилээс 66 мянган төгрөгөөр нэмэгджээ. Зарлага нэмэгдсэн гол шалтгаан нь хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх оноос 13 хувиар өссөнтэй холбоотойг хэлж байна.