Нийгэм

Энэ жилийн Чингис хаан одонг The Hu хамтлагт олгохоор болсон. Европ, Америкийг байлдан дагуулсан монгол хамтлаг биллбордын тэргүүн байранд орсноос эхлээд язгуур урлагийг дэлхий нийтэд гайхуулж байна. Мөн Европ тивд Чингис хааны нэрийг алдаатай бичдэг буруу ойлголт засагдсан гээд энэ хамтлагаар дамжуулан Монголын нэр хүнд дэлхийд алдаршжээ. Тэгвэл Чингис хаан одон хүртэх Хү хамтлагийн продюсер, үүсгэн байгуулагч, гавъяат жүжигчин Дашдондогтой манай сэтгүүлч уулзлаа. Хамтлагийн талаарх мэдээллийг хүргэх болно.

АНУ-д аялан тоглолттой яваа “Хү” хамтлаг 8 гишүүнтэй. Урлагийн салбарт тодорхой хугацаанд ажиллаж, туршлага хуримтлуулсан уран бүтээлчид санал зорилго нэгтэйгээр дэлхийг байлдан дагуулж байна. Хүннү рок гэх хөгжмийн нэгэн шинэ урсгалыг бий болгон гарч ирсэн тус хамтлаг бусад язгуур урлагийн хамтлагаас уран бүтээлийн өнгө аясаараа ялгаран гарч ирж байгаа юм. Урт хугацааны судалгаан дээр үндэслэн байгуулсан тус хамтлагийг МУГЖ Б.Дашдондог удирдан зохион байгуулдаг юм. 

“Хү” хамтлагийн анхны уран бүтээл болох Юу вэ дуу нь youtube суваг дээр 12.7 сая хандалт авсан байдаг. Өнгөрсөн 9 дүгээр сард гаргасан “Гэрэг” альбом нь биллбордын worlds төрөлд нэгдүгээрт жагсаад байгаа юм. Тус жагсаалтад АНУ-ын алдарт дуучдын уран бүтээл жагсдаг юм. Хамгийн сүүлд БНСУ-ын  BTS хамтлаг жагссан байдаг юм. “Хү” хамтлаг АНУ-д 60, Европ тивд 30 тоглолт хийхээр төлөвлөжээ.

Монгол улсын арвин баялаг түүхээс улбаалсан олон уран бүтээл гарах боломжтой. Тиймээс түүх рүүгээ өнгийсөн, судалсан уран бүтээл гаргах цаг болсныг продюсер онцолж байна. Мөн соёлын салбар дахь төрийн бодлого үгүйлэгдэж байгааг ч Хү хамтлагийн продюсер хэлж байсан юм.  

ФЭЙСБҮҮК ШУУД