Нийгэм

Монголын кино уран бүтээлчид оюуны бүтээлээ хамгаалахаар нэгдсэн байна. Асар их хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарсан киног нь хэдхэн хоногийн дотор хуулбарлан сошиал орчин болон хар зах дээр худалдаалж байгааг тэд хэллээ. Энэ үйлдэлтэй тэмцэх төрөл бүрийн арга хэрэглэсэн ч хүч мөхөсддөг байна. Тийм учраас оюуны өмчөө хамгаалах аргыг уран бүтээлчид дахин судалж эхэлжээ. Хууль эрх зүйн орчин, сошиал орчин дахь хяналт гээд томоохон аян өрнүүлэхээр төлөвлөсөн байна.

Нэг ангит киног бүтээхэд ойролцоогоор 100 орчим сая төгрөг зарцуулдаг. Зарим уран бүтээлчид энэ зардлыг олохын тулд автомашин, орон сууцаа барьцаанд тавихад хүрдэг. Олон хүний хөдөлмөр, хөрөнгө мөнгө ийнхүү шаардаж кино бүтдэг ч хэдхэн цагийн дотор оюуны өмчөө хулгайд алдаж, цаашлаад дампуурхад хүрсэн жишээ олон гэдгийг уран бүтээлчид хэлж байна. Хамгийн харамсалтай нь хулгайчийг олсон ч ердөө 500 мянган төгрөгөөр торгоод явуулдаг гэнэ.

О.БАТЗОРИГ: 100 САЯ ТӨГРӨГӨӨР БҮТСЭН КИНОГ ХУЛГАЙЛСАН ЭТГЭЭД 500 МЯНГАН ТӨГРӨГ ТӨЛӨӨД ӨНГӨРДӨГ

Facebook, youtube зэрэг нийгмийн сүлжээнд нийтлэх болон CD-нд хуулбарлаж худалдаалах байдлаар зохиогчийн эрхэнд халддаг. Ялангуяа кино урлагийн салбарт энэ төрлийн хэрэг их гарч байгааг оюуны өмчийн газраас хэллээ.

Оюуны өмчийн талаарх иргэдийн ойлголт, мэдээлэл дутмаг байна. Энэ нь зохиогчийн эрхэнд халдаж байгаа гол шалтгаануудын нэг. Тиймээс иргэдэд мэдээлэл хүргэх, хууль бус үйлдэлтэй тэмцэх үүднээс Монголын кино уран бүтээлийг хамгаалах холбооноос аян өрнүүлж эхлээд байна. Энэхүү аяны хүрээнд иргэдийг мэдээллээр хангах, хууль бус үйлдэлтэй тэмцэх зэрэг олон төрлийн арга хэмжээнүүдийг зохион явуулахаар төлөвлөжээ.