Талибаны зэвсэгт бүлэглэл нийслэл Кабул хотыг булаан эзлэхийг завдаж байна

Улс төр

Талибаны зэвсэгт бүлэглэл улсынхаа хоёр дахь томоохон хот болох Кандагар хотыг булаан эзэлж, хяналтандаа орууллаа. Тэгвэл үүнээс өмнө өнгөрсөн лхагва гарагт Газни хотыг мөн хяналтандаа оруулсан юм. Газни хот нь Афганистаны өмнөд хэсгийг нийслэл хоттой холбодог гол автозам болох Кабул-Кандагарыг холбосон төв зам дагуу байрлах стратегийн чухал байрлал бүхий хот юм.

Кандагар хотыг хяналтандаа оруулсан талаараа эхлээд Талибаны бүлэглэл мэдээлж, улмаар энэ мэдээллийг бусад эх сурвалжууд баталжээ. Эх сурвалжууд Кандагар хотоос засгийн газрын хүчнийхэн зугтаж байгаа бичлэг үзүүлсэн байна. Исламын радикал бүлэглэлийн дайчид давшилт дайралтаа эрчимжүүлэн, өдрөөс өдөрт шинэ газар нутаг булаан эзэлсээр улсынхаа нийслэлд ойртож байгаа юм.

Өнөөдрийн байдлаар талибаны зэвсэгт дайчид улсынхаа 34 мужийн 11-ийнх нь засаг захиргааны төвийг хяналтандаа оруулаад байгаа юм. Зарим мэдээллээр талибаны зэвсэгт дайчид улсынхаа нийт газар нутгийн бараг 85%-ийг хяналтандаа оруулаад байна. Талибаны дайчид Кандагар хотыг хяналтандаа оруулахаар ширүүн тулаан явуулж, өмнөх өдөр нь Гильменд мужийн төв Лашкаргах хотыг булаан эзэлж, цагдаагийн төв штабыг нь эзэлжээ. Түүнчлэн Афганистаны баруун хэсэгт байрлах Фарах муж талибаны дайчдад тулаан хийлгүй шууд бууж өгсөн байна.

Талибаны зэвсэгт бүлэглэл улс орондоо хяналтаа тогтоож, 1996-2001 оны хооронд байсан исламын эмират болгохыг зорилгоо болгож байгаа юм. Дэлхийн улс орнууд хэрвээ талибаны бүлэглэл Афганистаныг бүрэн эзэлж исламын шариатын хуулийн дагуу исламын улс орон болговол энэ улсад үзүүлэх тусламж дэмжлэгээ зогсоохоо мэдэгдэж байна.