Нийгэм

Агаарын чанар хэмжигч олон улсын томоохон хоёр агентлаг мэдээллээ шинэчилжээ. Өмнө нь Улаанбаатар хотын агаарын бохирдол эхний 10-т багтдаг байсан бол 11-р сарын эхний өдрүүдийн судалгаагаар 64 болон ухарсан байна. Энэ мэдээлэлтэй холбоотойгоор Улаанбаатар хотын 15 цэгт байрлуулсан агаарын бохирдол хэмжигч төхөөрөмжийн мэдээллийг нэгтгэн үзэгч танд хүргэе. Мэргэжилтнүүдийн тайлбараар агаар бохирдуулагч бодисууд өнгөрсөн жилийнхээс эрс багассан байна.

Улаанбаатар хотын хэмжээнд агаарын чанарыг хянадаг 15 суурин төхөөрөмж байдаг. Эдгээр суурин харуул Цаг уур орчны шинжилгээний газар болон Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын харьяанд байдаг байна. Эдгээр төхөөрөмжийн тусламжтайгаар Улаанбаатар хотын агаарын чанарын дүн шинжилгээг гаргаж, цаг уур орчны шинжилгээний газраас агаарын чанарын мэдээллийг 7 хоног бүр шинэчлэн иргэд, олон нийтэд хүргэдэг байна. 11-р сарын 4-10-ны хооронд гарсан мэдээллээр агаарт байх түгээмэл бохирдуулагч бодисууд багасчээ. Тухайлбал, Азотын давхар исэл багасч 24 цагийн дунджаар хамгийн их агууламж 2018 онд 188 микрограм байсан бол 2019 онд 126 болж багассан зэргээр бохирдуулагч бодисууд өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан гэлээ.

Гэр хорооллын орчимд буюу Нисэх, Толгойт, Зурагт, Баянхошуу, Амгалан, Нэгдүгээр хороолол, 100 айл зэрэг газруудад агаарын чанар хэмжигч харуул байршиж, хоногийн 24 цагийн турш мэдээлэл боловсруулдаг байна. Агаарын бохирдол эрс багасч, хэт бохирдолтойгоос бага бохирдолтой хэмжээнд хүрчээ.

Дэлхийн 10 мянга гаруй хотын агаарын чанарын үзүүлэлтийг гаргадаг томоохон вэб сайтуудын хамгийн их бохирдолтой 10 хотын жагсаалтаас Улаанбаатар хот гараад байгаа юм.