Интернет худалдаа, цахим зарын дагуу эхлээд мөнгөө шилжүүлэх нь эрсдэл ихтэйг сануулж байна

Эрх зүй

Цахим сүлжээ хөгжиж, иргэдийн интернет хэрэглээ нэмэгдэхийн хэрээр залилангийн гэмт хэрэг газар авсаар байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлж байна.

Он гарснаас хойш цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа нийт гэмт хэргийн 30 орчим хувийг цахим заллин эзэлж байгааг албаны хүн мэдээллээ. Ингэхдээ инернет худалдаа, цахим зарын дагуу танихгүй хүнд итгэн эхлээд мөнгөө шилжүүлж улмаар залилуулах тохиолдол гарсаар байна.

Цар тахлын нөхцөл байдал амаргүй байгаа өнөөгийн үед иргэд төлбөр тооцоог цахимаар гүйцэтгэх нь халдвар хамгааллын дэглэм мөрдөх давуу талтай ч залилуулсан тохиолдолд мөрдлөг явуулахад хүндрэл үүсгэж байгааг албаны хүн хэлж байна. Тиймээс иргэдийг анхаарал болгоомжтой байж цахим залилангаас сэргийлэхийг санууллаа.

Иргэдийн тухайд өнгөнд хууртаж сайтар нягтлаагүй зүйлдээ мөнгөн гүйлгээ хийх нь хамгийн эрсдэлтэйг ийнхүү санууллаа. Тиймээс сайтар судалж баталгаатай холбоо барих утас бичиг баримт шаардсаны үндсэн дээр гүйлгээ хийдэг байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.