Нийгэм

Авто замын түгжрэлд сурагчдыг зөөх авто машинууд нэлээдгүй ачаалал өгдөг. Тиймээс Нийслэлийн Засаг даргын захирамжаар авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор “Сургуулийн автобус”-ыг туршилтаар явуулж эхлэхээр болсон. Эхний ээлжинд Ерөнхий боловсролын 27 сургуулийн 3000 гаруй хоёроос тавдугаар ангийн сурагчдыг хоёр ээлжээр гэр, сургууль гэсэн маршрутаар зөөхөөр болсон.

Сурагчдыг автобусанд нийгмийн ажилтан харгалзаж явах юм. Төвийн зургаан дүүргийн ЕБС-ийн сурагчид хамрагдана. Энэ ажил нь дан ганц түгжрэлийг бууруулаад зогсохгүй эцэг эхчүүдэд ажлаа амжуулах, цаг хугацаа, зардал хэмнэх, сурагчдаа унаа тэрэг олдохгүй даарч хөрөх, сургуулиасаа хоцрох гэх мэтчлэн олон асуудлуудыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм.

Эхний ээлжийн туршилтын хүрээнд гарах бүх зардлыг нийслэлийн санхүүжилтээр хийж байна. Цаашид энэ ажил үр дүнгээ өгөөд тогтмол хийгдэх тохиолдолд жил бүр нийслэлийн төсөвт санхүүжилтийг суулгаад явах төлөвлөгөөтэй байгаа. Нийслэлээс чамлахааргүй санхүүжилт гарч байгаа. Нийт 40 автобусны шатахууны зардал, жолоочийн цалин, НДШ зэрэг. Ажлын 22 хоногт 30 орчим сая төгрөгийн үйл ажиллагааны зардал гарах тооцоо байна.

Б.ОТГОНСҮХ: СУРГУУЛИЙН 40 АВТОБУСАНД БАЙРШИЛ ТОГТООГЧ СУУЛГАЖ, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ГАР УТСАНД НЬ МЭДЭЭЛЭЛ ӨГНӨ

Сургуулийн автобуснууд дээр чиглэлийн маршрут болон “хүүхдийн автобус” гэсэн тусгай тэмдэглэгээг хийж байгаа. Мөн эцэг, эхэд нь маршрутын мэдээлэл гар утсанд нь очино. Бүх сургуулийн автобусанд байршил тогтоох чип суулгасан учраас эцэг эхчүүд хүүхдээ хаана явж байгааг хянах боломжтой юм. Энэ талын холбогдох мэдээллүүдийг сургуулийн захиргаа, нийгмийн ажилтан тогтмол эцэг эхчүүдэд өгөөд явна.

 “ХҮҮХДИЙН АВТОБУСНЫ“ маршрут

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс