Нийгэм

Шуудангийн салбарын тухай хууль 2003 онд батлагдсан. Тэгвэл уг хуулийг шинэчилж 14 стандартыг өөрчилж хэрэгжүүлэхээр болжээ.  Үүнд цахим худалдаа, цахим шуудан зэрэг багтаж байгаа ч дан ганц хуулийн зохицуулалтаар хэрэгжих боломжгүй болсон байна. Учир нь худалдааны тухай хуулийг шинэчилж шуудангийн хуультай уялдуулахгүйгээр стандарт хэрэгжихэд хүндрэл учирчээ. 

Зөвөлгөөнөөр цахим худалдааны хүргэлт, аюулгүй байдал, дэд бүтцийн асуудал, гаалийн хяналтын бүс зэрэг хэд хэдэн тулгамдсан асуудлаар хэлэлцэж, шийдэлд хүрэхийг зорьж байгаа гэнэ ээ. Тэр дундаа манай улсад сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа цахим худалдааны орчинд хориотой эм, эмнэлгийн бүтээгдэхүүнийг оруулж ирэн худалдаалах тохиолдол гарч, үүнээс хохирсон иргэд бүртгэгдэж байгаа асуудлыг мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөгөөний үеэр хөндлөө.  

Мөн цахим худалдааны орчинд хориотой эм, эмнэлгийн бүтээгдэхүүнийг оруулж ирсэн тохиолдолд зөрчлийн тухай хуулиар торгууль ноогдуулах хуультай ч  цаашид шуудангийн салбарын эрх зүйн зохицуулалтаас гадна худалдааны хуулинд өөрчлөлт оруулах  асуудал яригдлаа. Түүнчлэн шуудангийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд болон шуудангийн салбарын өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа стандартыг шинэчилэн хэрэгжүүлэх ажлыг эхлүүлжээ.

Зөвөлгөөнөөр АТГ, ГЕГ, ЦЕГ, МХЕГ  зэрэг төрийн байгууллагаас шуудангийн салбарын эрх зүйн орчин, харилцаа хамтын ажиллагааны талаар талууд харилцан  мэдээлэл солилцохоос гадна  цаашид шуудангийн логистик, газар шуудангийн тээвэрлэлт, гаалийн хяналтын бүс зэрэг асуудлаар холбогдох байгууллагууд илтгэл танилцуулж, хэлэлцүүллээ.  Харилцаа холбооны зохицуулах хорооноос шуудангийн салбарын бодлого зохицуулалт, хөгжлийн чиглэлээр 2004 оноос жил бүр  энэхүү зөвлөгөөн, форумыг зохион байгуулж иржээ.