Нийгэм

Нийслэл хотын хувьд цас их орсноос үүдэж автомашинууд хоорондоо мөргөлдөх, шүргэлцэх дуудлагын тоо ч ихэссэн байна.  Өнөөдрийн байдлаар зам дээр 300 орчим цагдаа ажиллаж байгаа юм.  Хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн 30-аас дээш хувь нь зуны дугуйтай байгаа нь осол аваар гарах,  зохиомол түгжрээ үүсгэх нөхцөл болж байгааг албаныхан анхаарууллаа. 

Өчигдрөөс эхлэн манай орны ихэнх нутгаар нойтон цас орж, цаг агаарын нөхцөл хүндэрсний улмаас нийслэл хотод төдийгүй хөдөө орон нутгийн замд халтиргаа гулгаа үүсч, зам тээврийн осол хэрэг гарах дуудлага нэмэгджээ. Улсын хэмжээнд нийт 950 мянга орчим тээврийн хэрэгсэл байдгаас 500 орчим мянга нь нийслэл хотод хөдөлгөөнд оролцдог гэсэн тоо бий. Үүнээс өнөөдрийн байдлаар 30 орчим хувь буюу 150 мянга орчим тээврийн хэрэгсэл зуны дугуйтай хөдөлгөөнд оролцож, халтиргаа гулгаа үүссэн энэ үед осол аваар гарах шалтгаан болж байгааг тээврийг цагдаагийн албанаас хэллээ.

Нойтон цас их орсон үед гол төлөв нар тусдаггүй сүүдэр хэсгийн замын зорчих хэсэг мөстдөг тул жолооч иргэд хөдөлгөөнд оролцохдоо анхаарал сэрэмжтэй байхыг санууллаа. Мөн цаашид  ихэнх нутгаар нойтон цас их хэмжээгээр орох төлөвтэй байгаа тул орон нутгийн замын тодорхой хэсгүүдийг хааж, аюулгүй байлыг хангаж ажиллана гэв.