Нийгэм

Улаанбаатар хотын хүн амын суурьшил, нягтаршил сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж тэр хирээр суурьшлын бүсүүд хүрээгээ тэлж төвлөрөл бий болсон. Иймд иргэд өөрсдийн эзэмшил газартаа инженерийн болон нийгмийн дэд бүтцээр хангагдсан тав тухтай тохилог амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Дэд бүтцийн төв төслийг хэрэглүүлж эхэлсэн юм. Энэ ажлын үр дүнд өнөөдөр Чингэлтэй дүүргийн 7-р хороонд сервис төв ашиглалтад орлоо. Ингэснээр 285 өрх инженерийн шугам сүлжээнд холбогдож байна. 

Дэд бүтцийн төв төслийн хамгийн эхний байршил нь Чингэлтэй дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт 221 нэгж талбайг хамарсан 14 га газарт хэрэгжиж өнөөдөр ашиглалтад орлоо. Энэ төсөл хэрэгжсэнээр 285 айлын яндан буулгасны дээр тодорхой хэмжээнд агаар, хөрсний бохирдол буурч байгаа гэж байна. Мөн иргэд өөрсдийн өмчлөлийн газартаа амины орон сууц барьж, инженерийн шугамд холбогдон ая тухтай амьдрах  боломж бүрдэж, хотын хөгжил нэг шатаар урагшилж байгааг төсөл санаачлагчид онцоллоо. Одоогийн байдлаар хувьсгалчдын 11,12,13,14,15 дугаар гудамжны 200 гаруй айл инженерийн шугам сүлжээнд холбогдож, халаалт, дулаан, цэвэр, бохир усны шугамд холбогдож үйл ажиллагаа нь жигдэрчээ.

Төслийн хүрээнд төсөл хэрэгжиж байгаа газруудын гаднах орчинг тохижуулж 1.5 км авто зам болон 530 метр куб ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламж бүрэн ашиглалтад өгчээ. Цаашид энэхүү төсөлд хамрагдахаар 500 гаруй иргэд хүсэлтээ ирүүлээд байгаа тухай Улсын их хурлын гишүүн М.Оюунчимэг хэллээ.

Дээрх дэд бүтцийн төвийг барьж байгуулахад нийтдээ 10 орчим тэрбум төгрөг шаардагджээ. Тус хөрөнгийн БНХАУ-аас 5 тэрбум төгрөг, нийслэлийн төсвөөс үлдсэн 5 тэрбум төгрөгийг шийдэж, хамтран ажилласан байна.