Нийгэм

Монголын үндэсний фронт хөдөлгөөн болон бусад иргэний нийгмийн байгууллагууд өчигдөр төв талбай дээр жагсаал цуглаан зохион байгуулна гэж товлосон боловч хотын дарга зөвшөөрөөгүй. Учир нь 11 сарын 7-нд төв талбайд төрийн ёслолын арга хэмжээ таарсан юм. Тэгвэл өнөөдөр НЗДТГ-аас өгсөн зөвшөөрлийн дагуу "Эх орон дуудаж байна" жагсаалыг зохион байгууллаа.  Эх оронч иргэдийн төлөөлөл, 100 гаруй иргэний нийгмийн байгууллагууд нэгдсэн байна.  

Жагсагчид одоогийн Улсын их хурлыг огцруулж, хоёр танхимтай парламентын тогтолцоог бий болгох хэрэгтэй гэж үзэж байна. Түүнчлэн Монголын газар нутаг, үндэсний аюулгүй байдал алдагдаж, улс төрчдийн хэрээс хэтэрсэн ёс зүйгүй үйлдэлд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлж, жагсаалын индэр дээрээс бухимдлаа төрд хаяглалаа. Монголын үндэсний фронт нь ямар нэгэн эрх ашгийн төлөөх төрийн бус байгууллага биш. Харин эх орноо аврах гэсэн  Монголчуудын эв нэгдлийн билэгдэл байх болно гэдгийг жагсаал зохион байгуулагчид онцолсон. Тэртээ 1992 онд батлагдсан Үндсэн хуулинд бүх эрх мэдэл ард түмний мэдэлд, энэ эрхээ эдэлж, улс эх орондоо эзэн байх цаг ирсэн гэлээ.

Түүнчлэн энэ удаагийн жагсаал нь өглөө ирээд, бухимдлаа тайлаад тардаг байх биш, бодит шийдэлд хүрсэн жагсаал болох ёстойг жагсаалд оролцогч иргэд  хэлж байлаа. Өнөөдөр 11 цагт эхэлсэн “Эх орон дуудаж байна” жагсаал бүтэн өдөр үргэлжилж, төрд хаягласан гомдол шүүмлэлээ иргэд жагсаалын индэр дээрээс хэлэх нээлттэй гэв.

Монголын үндэсний Фронт, 100 гаруй иргэний нийгэмлэгийн байгууллагууд, эх орончдийн төлөөлөл оролцсон жагсагчид  Улсын их хурлыг огцрох хүртэл тэмцэнэ гэв. Жагсаалд нийслэлийн 9 дүүрэг, 21 сумдаас төлөөлөл оролцож, ёс зүй, хууль цаазтай улс шиг улс байх цаг ирсэн гэдгийг иргэд хэлж байсан юм.  

ФЭЙСБҮҮК ШУУД