COVID-19 коронавирусний илүү аюултай хувилбар дэгдэж болзошгүй

Ковид-19 /дэлхий/

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус COVID-19 коронавирусний илүү аюултай штамм буюу цоо шинэ хувилбар дахин дэгдэж болзошгүй байгаа талаар анхааруулан мэдэгдэл хийжээ. Тэрээр ОУОХ-ны зөвлөлийн 138 дахь чуулганд оролцон үг хэлэхдээ энэ талаар мэдэгдэж, шинэ штамм нь дельта вирусээс илүү аюултай байж болохыг тэмдэглэн хэлсэн байна.

Гебрейесусийн тэмдэглэн хэлснээр шинээр үүсч болзошгүй штамм буюу хувилбар нь улс орнуудад цар тахлын дэгдэлт буурахгүй, вирусын шинж чанар хувьсан өөрчлөгдөж, мутацид орж байгаатай холбоотойгоор үүсэх аюултай байгаа юм. Коронавирусын дэгдэлт буурахгүй, энэ хэвээр тогтох тусам илүү аюултай, илүү хөнөөлтэй болж, дельта хувилбараас ч аюултай хэлбэрт шилжиж болзошгүй гэж ДЭМБ-ын тэргүүн мэдэгджээ. Тиймээс улс орнуудыг цар тахалтай дотооддоо идэвхтэй тэмцэж, 2022 оны 9-р сар гэхэд улс орнууд нийт хүн амынхаа дор хаяж 70%-ийг вакцинд хамруулсан байхад анхаарч ажиллахад уриалжээ. Гебрейесусийн мэдээлснээр хүн төрөлхтөн цар тахлыг дарахын тулд дахин 11 тэрбум тун вакцин шаардлагатай байгаа юм.

Өнөөдрийн байдлаар ДЭМБ, Сарсын төрлийн 4 төрлийн коронавирусний хувилбарыг хамгийн аюултай гэж үзэж байна. Эдгээр нь COVID-19 коронавирусээс гаралтай мутацид орсон хувилбарууд болох Альфа буюу Британийн, Бета буюу Өмнөд Африкийн, Гамма буюу Бразил, мөн Дельта буюу Энэтхэг хувилбарууд юм. Эдгээрээс өнөөдрийн байдлаар Дельта вирус хамгийн аюултайд тооцогдож байна.