Нийгэм

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Багахангай дүүрэгт ажиллахдаа иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Уулзалтын эхэнд хотын дарга улс нийслэлийн болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа зарим бүтээн байгуулалтын ажлын явцын талаар мэдээлэл өгч иргэд оршин суугчдын ая тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн шат дараатай ажлууд хэрэгжүүлж байгааг дурьдлаа. “Төр захиргааны байгууллагаас хэрэгжүүлж байгаа ажил бүхэнд иргэд та бүхний оролцоо чухал” гэдгийг онцолж байлаа.

 

Иргэдээс дүүргийн Соёлын төвийн барилгыг шинэчлэн засварлах, мах  боловсруулах үйлдвэрийг ажиллуулах, Эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай боловсон хүчний орон тоог батлуулах, Цагдаагийн хэлтсийг эргүүлийн автомашинтай болгох, гэрэлтүүлгийн агаарын шугамыг шинэчлэх, шинэ спорт заалтай болгох зэрэг тулгамдсан асуудлуудаа Хотын захирагчид уламжилж, хариулт авлаа.  Иргэдийн асуулт, саналд Хотын захирагч С.Амарсайхан нэг бүрчлэн хариулт өгч, дагалдан яваа холбогдох албан тушаалтнуудад анхаарал хандуулан ажиллахыг үүрэг болгосон юм.

Хотын дарга уулзалтын үеэр дүүргийн Эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай бүтэц орон тоог батлах ажлыг судалж хуулийн дагуу хэрэгжүүлэхийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргад үүрэг болголоо. Мөн гэрэлтүүлгийн агаарын шугамыг шинэчлэх, шинэ спорт заалтай болгох, мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг сэргээх зэрэг асуудлыг яаралтай судлаж шийдвэрлэхийг дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр болон Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр нарт даалгав. Хотын Захирагч уулзалтын үеэр ирэх 2020 онд Багахангай дүүргийн Цагдаагийн хэлтэст эргүүлийн автомашин хүлээлгэж өгнө гэлээ.