Нийгэм

Малчид худалдаачдад махаа 2400 төгрөгөөр зардаг ч Улаанбаатар хотод очоод махны үнэ 2 дахин нэмэгддэг. Зарим тохиолдолд 10 мянган төгрөг ч хүрдэг гэдгийг Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын малчин Э.Батбаатар хэлсэн юм. Тиймээс малчид ченжийн гар дамжилгүйгээр, өөрсдөө зориулалтын цэгт тушаадаг болох хэрэгтэй гэдгийг хэлж байна. 

Махны үнээс гадна малчдын санааг зовоож байгаа бас нэг асуудал бол малын хулгай. Хуулийн цоорхой ашиглаж, малын хулгайчид олон тооны мал хулгайлалгүй хэргээс хөнгөн мултардаг. Харин малчид хохироод үлддэг. Энэ байдлыг өөрчлөх, хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй гэдгийг малчид хэллээ.  

УИХ-ын нэр бүхий гишүүд мал хулгайлах гэмт хэргийн шийтгэлийг чангатгах, ялын бодлогыг өөрчлөх үүднээс Хуулийн төсөл боловсруулан УИХ-д өргөн бариад байгаа. Намрын чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэнэ гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн иргэдтэй уулзах үеэрээ хэлсэн юм. Үүнээс гадна мал махны үнэ ямар байхаас шалтгаалаад малчдын орлого тодорхойлогдох учир экспортод махаа гаргахдаа дэлхийн зах зээлийн үнээр худалдаалдаг болох хэрэгтэй. Гэхдээ малчид малаа эрүүл байлгах тал дээр анхаарах хэрэгтэй гэсэн юм. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Хөвсгөл аймгийн Түнэл, Цагаан-Үүр зэрэг сумдын алслагдсан багийн иргэдтэй уулзаж бүтээн байгуулалтын ажил дууссан болон цаашид хийгдэх ажлын талаар иргэдэд мэдээлэл өгсөн. Мөн малчид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудлаар асуулт асуун тодорхой мэдээллийг авсан юм.