Нийгэм

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Хөвсгөл аймагт ажиллаж зарим бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Тухайлбал, Цэцэрлэг, Түнэл суманд хүүхдийн цэцэрлэг нээгдэж Шинэ-Идэр суманд сум дундын эмнэлэг ашиглалтад оржээ. Ингэснээр ойролцоо сумдын иргэд нарийн мэргэжлийн эмчилгээ үйлчилгээг авах боломж бүрдсэн байна. 

Хөвсгөл аймгийн Түнэл, Цэцэрлэг сумдад тус бүр 150 хүүхдийн ортой цэцэрлэг баригдахаар болж бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн онд эхэлсэн. Эдгээр ажлууд цаг хугацаандаа дуусч, хүүхдүүдээ хүлээн авлаа. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн оролцон, орон нутагт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудын дийлэнх хувь нь боловсрол, эрүүл мэндийн салбарт хийгдэж байгаа гэдгийг иргэдэд хэлсэн юм.

Нийт 1.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр баригдсан Тэсийн ирээдүй Хүүхдийн цэцэрлэгт 210 орчим хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломжтой. Харин Түнэл сумд шинэ Цэцэрлэг нээлтээ хийснээр хамрах сурах боломж 20 гаруй нэмэгдэх юм.

НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ШИНЭ ЭМНЭЛЭГ ШИНЭ-ИДЭР СУМАНД БАРИГДЛАА

Бүтээн байгуулалтын ажил дуусч нээлтээ хийсэн барилгуудын нэг бол Шинэ-Идэр сумын Сум дундын эмнэлэг.  Өмнө нь Шинэ-Идэр болон зэргэлдээх сумын иргэд нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж авахын тулд аймгийн төвийг зорьдог байжээ. Харин шинэ эмнэлэг нээлтээ хийснээр эдгээр асуудлууд шийдэгдэх боломжтой болж байна.

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд шинэ сургуулийн ажил эхэлсэн бол Шинэ-Идэр суманд сургууль, дотуур байрыг шинэчлэх ажил ирэх онд эхлэнэ. Мөн Түнэл сумын ЗДТГ-ын шинэ байр 2020 онд баригдаж эхэлнэ гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хэлсэн юм.