Нийгэм

2019-2020 оныг хүүхэд хамгааллын жил болгосонтой холбогдуулан "Хүүхэд хамгаалагч" төслийг хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд 2019 оны 10 сарын байдлаар бага болон өсвөр насны хүүхэд гэмт хэрэгт холбогдох нь 4.5 хувиар буурчээ.

 

Өнөөдөр улсын хэмжээнд нийт 194 хүүхэд хамгаалагч ажиллаж байна. Эдгээр Хүүхэд хамгалагчид хүүхдийг сургууль, цэцэрлэгийн орчинд гарч болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахын зэрэгцээ хүүхэд хамгаалах чиглэлээр эцэг эх, багш нарт зөвлөгөө, мэдээлэл өгч ажилладаг гэж байна. Монгол улсын хувьд тэр дундаа нийслэл хотод бага насны хүүхэд зам тээврийн осолд орох болон гэмт хэргийн хохирогч болох эрсдэл өндөр байдаг тул урьдчилан сэргийлэх чиглэлээр хүүхэд хамгаалагч төслийн хүрээнд эдгээр хүүхэд хамгалагчид ажиллаж байгаа гэнэ. Гэвч хүүхэд хамгаалах чиглэлд эцэг эх, олон нийт, тухайн дүүрэг хорооны засаг даргын оролцоо дутмаг байгааг хүүхэд хамгаалагчид хэллээ.

Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн байдлаар 2833 хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 4922 хүүхэд гэмт хэрэгт өртөж хохирсон  байна. Тухайлбал,  хүүхэл ихэвчлэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг буюу зодолдох, танхайрах, өмчлөх эрхийн эсорэг гэмт хэрэг болох залилах, дээрэмдэх гэмт хэрэг үйлдэн шалгагдаж байгаагаас дийлэнх нь 9-12 дугаар ахлах ангийн сурагчид холбогдож байгааг холбогдох албаныхан хэлж байна. 

Зөвхөн өнгөрсөн 9 сарын байдлаар гэхэд нийслэлийн хэмжээнд нийт 706 хүүхэд гэмт хэрэгт холбогдож, 1327 хүүхэд ямар нэгэн байдлаар хохирогч болсон,105 хүүхэд нас барсан, 470 гаруй хүүхэд хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн гэдэг тоон мэдээлэл гарчээ. Тиймээс эцэг эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхэд хамгаалах чиглэлд мэргжлийн хүүхэд хамгаалагч нартай хамтарч ажиллахыг хүслээ. Хүүхэд хамгаалах төсөлд өнөөдрийн байдлаар нийт 740 сая төгрөг зарцуулагджээ.