Халуун сэдэв

Тангараг өргөсөн гишүүдэд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үнэмлэхийг нь Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт гардуулаад, өргөсөн тангарагтаа чин үнэнч байж, төрийнхөө хууль тогтоомжийг ёсчлон биелүүлж, сонгогч олон түмний итгэл найдварыг нэр төртэй биелүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр,

“Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөсөн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдэд баяр хүргэе. Сонгуулийн төв байгууллага болох Сонгуулийн ерөнхий хороо ба гишүүд нь Үндсэн хуулиар баталгаажуулсан “…Иргэдийн шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийн удирдах хэрэгт оролцох, төрийн байгууллагад сонгох, сонгогдох…” эрхийг гардан хэрэгжүүлэгч билээ. Тиймээс Сонгуулийн ерөнхий хорооны үйл ажиллагааны бие даасан, хараат бус байдлыг бүрэн хангаж, хууль дээдлэх, улс төрийн хувьд төвийг сахих, асуудлыг хамтран хэлэлцэж шийдвэрлэх, ил тод, шударга байх зарчмыг хэлбэрэлтгүй баримтална гэдэгт итгэж байна. Ардчилсан чөлөөт сонгуулийн алтан дэнс, ард түмний засаглах эрхийн мөнхийн манаа болсон Та бүхний ажилд амжилт хүсье”

гэлээ. 

Ёслолын ажиллагаанд Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан, гишүүн Д.Баяндүүрэн, Төрийн байгуулалтын байнгын хорооны зөвлөх Б.Хатантуул болон албаны бусад хүмүүс байлцлаа.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс