Украины хямралыг Мюнхений олон улсын бага хурлаар хэлэлцэнэ

Улс төр

Орос-Украины хямрал, хоорондын сөргөлдөөнөөс улбаатайгаар өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Украины зүүн бүс болоод тусгаар тогтнолоо бие даан зарлан тунхагласан Донецк болон Луганскийн БНУ-д дотоодын нөхцөл байдал тогтворгүйтлээ.

Орос-Украины хямрал ийнхүү гаарч болзошгүй байгаагаас шалтгаалан Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон Мюнхений аюулгүй байдлын асуудлаарх бага хурлын хүрээнд Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзжээ. Талууд энэ үеэр Оросын талыг Донбасс дахь нөхцөл байдлын талаар хамтарсан яриа хэлэлцээр явуулахад уриалсан байна. 

Германы Мюнхен хотноо болсон Аюулгүй байдлын асуудлаарх бага хуралд сүүлийн 12 жил тасралтгүй оролцсон ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров сүүлийн уулзалтад оролцоогүй байна. Мюнхены бага хурлыг тэргүүлэгч Кристоф Хойсген цаг үеийн чухал асуудлаар олон улсын түвшинд хийсэн яриа хэлэлцээрт Оросын тал оролцоогүйд харамсч байгаагаа илэрхийлжээ. Тэгвэл Мюнхены хурал дээр Украины ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдэл хийхдээ: -Бид улс орноо Холбоотон улс орнуудын дэмжлэгтэйгээр, мөн бие даан хамгаалах болно. Украин улс гадны ямар ч түрэмгийлэл, дайсагналцлыг зүгээр хараад тэвчээд суухгүй, бид өөрийн орны нутаг дэвсгэрийг хамгаалснаар давхар Европын аюулгүй байдлыг ч хамгаалах болно гэжээ. 

АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис Украины хямралын талаар мөн байр сууриа илэрхийлж, бид Оросын тал гадны улс орны нутаг дэвсгэр лүү халдан довтолбол яаралтай хариу арга хэмжээ авч, юуны түрүүнд эдийн засгийн хориг саад тавих болно гэдгийг тодотгожээ. Еврокомиссын тэргүүн Урсула фон дер Ляйен ЕХ, Америк, Их Британи, Канадын талууд хамтран Оросын тал Украины нутаг руу халдвал авах хариу арга хэмжээний талаар хэдийнэ хэлэлцсэн талаар мэдээлсэн байна.